Перугийн Ерөнхийлөгч асан Уругвай улсаас орогнох эрх хүсэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-19 12:47:46
МЕХИКО. /RIA Novosti/. Авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа Перу улсын Ерөнхийлөгч асан Алан Гарсия Уругвай улсаас орогнох эрх хүссэн байна. Энэ тухай Перугийн Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдээлжээ. Тэрбээр тус улсын нийслэл Лима хот дахь Уругвай улсын Элчин сайдын яаманд "нуугдсан" байна.

“Перу улсын Ерөнхийлөгч асан Алан Гарсия бямба гарагт Уругвай улсын Элчин сайдын яаманд очиж орогносон тухай тус улсын Элчин сайд даваа гарагийн өглөө мэдээллээ. Ерөнхийлөгч тус улсаас орогнох эрх хүссэн байна” гэж Перу улсын ГХЯ-ны мэдээлэлд дурджээ. Перугийн ГХЯ-наас мэдээлснээр, Алан Гарсиягийн хүсэлтийг одоо Уругвайн Засгийн газар зохих ёсоор судлах ёстой.

Алан Гарсияг гэмт хэргийн хуйвалдаанд оролцсон болон мөнгө угаасан хэрэгт сэжиглэж байгаа аж. Үүнээс гадна, Бразилийн “Odebrecht” гэдэг барилгын компаниас 100 мянган ам.долларын авлига авсныг нь Прокурорын газар баримтаар нотолжээ.

Латин Америкийн хэд хэдэн орны эрх баригчид эрчим хүчний томоохон компани болох “Petrobras”-ийн гол ажил гүйцэтгэгчдийн нэг “Odebrecht” компаниас олон саяын хээл хахууль авсан тухай урьд нь хэвлэлүүдэд мэдээлж байв. Америкийн шүүхийн мэдээллээс үзвэл, “Odebrecht” компани 2001-2016 онд гадаадын улстөрчид болон төр, засгийн төлөөлөгчдөд нийтдээ 439 сая ам.доллар төлсөн байна. Ашигтай гэрээ байгуулсны “талархлын хариуг” тус компаниас Аргентин, Колумби, Доминикан, Эквадор, Гватемал, Мексик, Панам, Перу болон Венесуэл улсын түшмэд авчээ.


Холбоотой мэдээ