Батлагдаагүй мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараахгүй байхыг анхаарууллаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2018-11-21 16:17:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулахаар прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.

Өнгөрсөн сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байлдааны онгоц унаж шатсан тухай олон нийтийн цахим сүлжээгээр мэдээлэгдсэн юм. Тэрхүү мэдээллийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын зөрчлийн талаарх гомдол мэдээлэлд бүртгүүлж, эрх бүхий албан тушаалтан холбогдох шалгалтыг явуулсан байна. Алтанбулаг сумын иргэд ОХУ-ын Буриад, Хиагт орчмын район руу машины шинэ дугуй хилээр гаргаж худалдан оронд нь хуучирч муудсан дугуйг машиндаа тавьж буцаан оруулж ирдэг явдал сүүлийн жилүүдэд ихэсчээ. Иймээс болж тус сумын нутагт их хэмжээний хог үүсэх болсон аж. Иймээс энэ хуучин дугуй шатаасантай холбоотойгоор байлдааны онгоц шатсан гэх мэдээлэл гарчээ. Эл мэдээллийн мөрөөр хийсэн шалгалтаар тус суманд барилгын ажил гүйцэтгэж байсан иргэн О.Г нь хог хаягдал шатсанаас үүссэн их хэмжээний утааны зургийг гар утсаар "Байлдааны онгоц уналаа" гэсэн тайлбар хийн нүүр номын найз руугаа илгээснээр ийн олон нийтийн цахим сүлжээгээр тараагдсан нь тогтоогджээ.

Иймээс Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас иргэд батлагдаагүй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараахгүй байх, төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх, хуулийг хэрэгжүүлэхийг анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ