Гэмт хэрэгт холбогдсон хүүхдээс мэдүүлэг авах ээлтэй орчин бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-22 17:42:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдээс мэдүүлэг авахдаа тэдний эрхийг хамгаалах хууль эрхзүйн орчин хангалттай байдаг ч бодит байдал дээр хэрэгжихгүй байгааг “Хүүхдэд ээлтэй эрүүгийн эрх зүйн тогтолцоо: Өсвөр насны хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа” сэдэвт бага хурлын төлөөлөгчид хэлж байна.


Монгол Улсын Засгийн газар, Европын холбоотой хамтран зохион байгуулсан тус бага хурлыг ХЗДХЯ-ны дэд сайд Б.Энхбаяр, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Европын Холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Траян Христия нар нээж үг хэлэв. ГХЯ-ны Зөвшилцөл танхимд өнөөдөр болсон дээрх хуралд УЕПГ, ЦЕГ, ШЕЗ, ХСИС, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон ТББ-ын төлөөлөл оролцов.

Европын холбооноос Монгол Улсын хүний эрхийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд 3 дахь удаагаа зохион байгуулж буй тус хурлаас гарсан зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэн хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой тулгамдсан асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх юм.



Хуралд илтгэл хэлэлцүүлсэн ХСИС-ийн дэд профессор, хурандаа Ю.Бадамхандаас дээрх хурлын талаар тодруулав.

Тэрбээр, “Хүүхдүүд эрүүгийн хуулийн 30 гаруй төрлийн гэмт хэрэгт холбогдож байна. Ихэнхдээ хулгай, дээрмийн хэрэг зонхилдог. Сүүлийн үед бэлгийн хүчирхийлэлд өртөх нь ихэссэн. Гол шалтгаан нь эцэг, эхийн хараа хяналт сул, нийгмийн хяналт бага, ёс суртахууны асуудал зэргээс шалтгаалдаг нь ажиглагдсан. Энэ бага хурлаар гэмт хэрэгт холбогдсон хүүхдийг цагдаагийн байгууллагаас олон дахин дуудахгүй байх, мэдүүлэг авах хугацааг хязгаартай байлгах, байцаалтад сэтгэлзүйч, хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахад анхаарахыг голчлон ярьж байна. 

Олон улсын жишгээр хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос өмнө урьдчилан сэргийлэх ажлыг хийх нь нэн чухал. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын нягт уялдаа холбоо байхгүйгээс хүүхдийн гэмт хэргийн тоо дорвитой буухгүй байна" гэв.



Монгол Улсын хүний эрхийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх төслийн зөвлөх М.Ичинноров, “Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвецид нэгдсэн. Мөн хүүхэд хамгааллын талаар хууль эрх зүйн талаасаа маш их ахиц дэвшил гарсан байдаг боловч бодит байдал дээрээ хэрэгждэггүй. Нэг жишээ ярихад өмнө нь би Тахарын албанд ажиллаж байхдаа Гэрч, хохирогчид шүүхийн коридорт өөрийг нь хохироосон хүмүүстэй нүүр тулан айдастай хүлээдэг байдлыг өөрчлөх зорилгоор Баянзүрх дүүргийн шүүхийн байранд  тусгай өрөө байгуулах санаачилга гарган тохижуулж өгсөн. Өөрөөр хэлбэл Гэрч, хохирогчид тухтай өрөөнд цай уугаад, өмгөөлөгч, сэтгэл зүйчтэйгээ зөвлөлдөн шүүх хуралд оролцох орчин бүрдүүлсэн. Бага насны хохирогчид айж сүрдсэн хүмүүсийнхээ эсрэг мэдүүлэг өгөхдөө тусгай тоног төхөөрөмжийн тусламжтай тус өрөөнөөс шүүх хуралд оролцох юм. Харамсалтай нь тэр өрөөг огт ашиглахгүй байгаа талаар өмгөөлөгчид надад гомдол ирүүлсэн. Энэ бол хохирогчийг хайрлах сэтгэл зүй, хүний эрхийг хамгаалах сэтгэлгээ, мэдлэг, туршлага хуулийн байгууллагад дутагдаж буйтай холбоотой гэж үздэг. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хүмүүсийн хандлага өөрчлөгдөх хэрэгтэй байна” гэлээ.


Жилд 1000 орчим хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагддаг бөгөөд биечлэн ял эдлэх, цагдан хоригдох тохиолдол ихсэж байгааг УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор Г.Оюунболд онцлон хэлэв.

Тэрбээр “Шинэ эрүүгийн хуулинд насанд хүрээгүй хүүхдийг гэм буруутай нь тогтоогдсон ч цагдан хорихгүй байхаар заасан. Онц хүнд гэмт хэргээс бусад хэргийг үйлдсэн хүүхдэд хорих ял оноохгүй бөгөөд өөр хэлбэрээр хүмүүжүүлэх болсон. Цаашид хүүхдэд хүмүүжлийн шинжтэй албадлагын арга хэмжээ авдаг байдалд уян хатан мэдрэмжтэй хандах шаардлагатай” гэлээ.

Хуралд Голландын Лэйден их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Др.Яник ван ден Бринк, Европын холбооноос Монгол Улсын хүний эрхийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх төслийн багийн ахлагч Хэнк Хулсоф нар хүүхдийн эрхийг зөрчихгүй ээлтэй хэрэг хянан шийдвэрлэж байгаа гадны орнуудын туршлагыг хэлэлцэв. Тухайлбал, Гэрч, хохирогч хүүхдээс анхны мэдүүлэг авахдаа ач холбогдол өгөх, дахин дуудаж байцаахгүй байх, мэдүүлэг авах хугацааг 2 цагаас хэтрүүлэхгүй байх, сэтгэлзүйчээс гадна хүүхдийн хамгийн сайн мэддэг дотны хүнийг байлцуулах,  зориулж бэлтгэсэн өрөөнд цагдаагийн албан хаагч дүрэмт хувцасгүйгээр аль болох хүүхэдтэй дотно нээлттэй харилцах зэрэг туршлагыг зөвлөж байв.


Холбоотой мэдээ