Шахмал түлшний хэрэглээ агаарын бохирдлыг 50 орчим хувиар бууруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-11-23 14:47:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ирэх жилийн 5 дугаар сарын 15-наас Улаанбаатарт түүхий нүүрс  түлэхийг хориглох шийдвэр гарсан. Энэ хүрээнд ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК-ийн байгуулсан  сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нээлт өнөөдөр боллоо.

Үйлдвэрийн нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, “Бид утаа, агаарын бохирдлын талаар сүүлийн 20 жил ярьсан. Утаа бол манай улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хамгийн том "дайсан". Утаанаас салах, угаарыг багасгах нэг л арга бий. Хамгийн төгс шийдэл бол иргэдийг орон сууцжуулах. Гэхдээ орон сууцжуулахад 20 орчим жил шаардагдахаар байгаа. Тиймээс энэ хугацаанд утаа багасгах шийдэл нь сайжруулсан шахмал түлш хэрэглэх явдал юм. Улаанбаатар хотод 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс шатаадаг. 220 мянган бага оврын уурын зуух ажиллаж байна гэсэн үг. Дээр нь 3000 нам даралтын зуух бий. Эдгээр зуух Улаанбаатар хотын утааны 90 хувийг “үйлдвэрлэдэг”. Тийм учраас Засгийн газар ирэх оны 5 дугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосон. Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдлыг багасгаж, үр хүүхдийнхээ ирээдүй, эрүүл мэндийг хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал. Ганц төр засаг ажиллаад дийлэхгүй. ААН иргэн бүрийн сэтгэл, оролцоо нийлж байж улаанбаатарчууд бид утаа, угаарнаас сална" гэлээ. 



Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлыг ирэх онд 600 мянган тн-д хүргэх бөгөөд ингэснээр 220 мянган өрхийг 100 хувь сайжруулсан түлшээр хангах боломжтой болох юм байна.


Жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тонныг түлэх бөгөөд тоон харьцуулалтаас харахад  агаарын бохирдол 50 орчим хувиар багасах тооцоо гарчээ. Шахмал түлшийг Тавантолгойн нүүрсээр үйлдвэрлэж байгаа бөгөөд шаталт сайн, шаталтын хугацаа урт, хоруу чанар багатай  зэрэг ач холбогдолтойг эрдэмтэд тодорхойлжээ.  

Холбоотой мэдээ