Иргэн бичиг баримтгүй ч хурууны хээгээр төрийн бүхий л үйлчилгээг авах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-23 18:00:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын бүртгэлийн Хур, Дан цахим систем хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой “Улсын бүртгэлийн багц хууль-Бүртгэлийн цахим үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр болж цаашид системийн болон хууль эрхзүйн орчинг сайжруулахаар төлөөллүүд санал бодлоо хуваалцав. 



УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, “Хур, Дан төрийн нэгдсэн санд нэвтрэх системийг хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр системийг цаашид хөгжүүлэхийн тулд мэдээллийн сангийн бие даасан хууль гаргах шаардлагатай болсон. Учир нь тус системд хувь хүний бүх мэдээлэл хадгалагдаж байдаг. Тухайлбал “Үндэсний дата төв”-ийг анх удаа Монгол Улсын нэгдсэн мэдээллийг хадгалдаг байгууллага гэж хуульчилж өгсөн. Ингэснээрээ тус төвийн серверт хувийн байгууллагын дата байршихгүй болж байгаа. Төр, хувийн мэдээлэл холилдвол иргэний мэдээллийг алдах эрсдэл гарах магадлалтай. Цаашид хууль эрхзүйн  орчныг сайжруулахаар ажиллаж байна” гэв.



УИХ-ын гишүүн, Улсын бүртгэлийн багц хуулийн Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил, “Төрийн байгууллагад хадгалж буй  мэдээллийн 80 хувийг “burtgel.mn” веб хуудсаар дамжуулан Хур-Дан системд нээлттэй болгосон. Тус сайтад хандан иргэний, байгууллагын бүртгэлийн бүх төрлийн мэдээллийг авах боломжтой. Харин шинэ хуулиар гарцаагүй хүний эрхэд хамаарах мэдээллүүдийг хаалттай болгосон. Мөн УБЕГ-аас үзүүлдэг 148 үйлчилгээний 10-ыг нь цахим хэлбэрээр авах боломжтой. Эдгээр цахим үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх ажил одоо ч үргэлжилж байна. Энэ нэгдсэн систем бий болж, хуульчлагдсанаар төрд байгаа дата /ой санамж/ мэдээллийг иргэнээс шаардахгүй болох давуу талтай. Тухайлбал нэг байгууллагад очоод үйлчилгээ авч байгаа иргэнээс өөр байгууллагын бичиг авч ирэхийг шаардахгүйгээр тухайн системээрээ бүх мэдээллийг нь харах боломжтой болсон. Системд төрийн бүх үйлчилгээний байгууллагыг хамруулахаар ажиллаж байгаа бөгөөд зарим нэг техникийн дутагдлаас үүдэн систем доголдох асуудал гараад байна. Ирэх ондоо багтаан бид бүрэн засварлах болно.

Системийн давуу тал нь хамгийн наад зах нь л иргэний үнэмлэхээ гээсэн иргэн заавал харъяа аймагтаа очилгүйгээр цахимаар дамжуулан хаанаас ч иргэний үнэмлэхээ захиалан авах боломжтой болж байгаа. Цаашид иргэн төрийн үйлчилгээг биечлэн авахдаа бичиг баримтгүй байсан ч хурууны хээгээ уншуулан бүх мэдээллээ авах боломжтой болно” гэв.

Хэлэлцүүлэгт төрийн болон хувийн цахим систем хөгжүүлэгч байгууллагын төлөөллүүд оролцов.

Дашрамд дурдахад Нийслэлийн нутгийн захиргааны 500 орчим үйлчилгээ үзүүлдэг 5 байгууллагын 47 үйлчилгээ Хур, Дан системд нэгдэж "Eservice.ulaanbaatar.mn" цахим хуудсаар иргэдэд үйлчлэх болсноо энэ сарын 20-нд танилцуулж байв. 

Гэрэл зургийг. Н.Батбаяр


Холбоотой мэдээ