Хүүхэд хөгжил хамгааллын жишиг сургуулиар Тэмүүжин цогцолборыг сонгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-11-27 15:08:20

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газраас батлагдсан хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд жишиг сургуулийг аймаг бүрт байгуулж байгаа бөгөөд Хэнтий аймгаас Тэмүүжин цогцолборыг сонгожээ.


Жишиг сургуулийн нээлтийн арга хэмжээнд тус аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Энх-Эрдэнэ, АЗДТГ-ын НБХ-ийн дарга Г.Лхагвахатан, БСУГ-ын дарга С.Мөнхцэцэг, Тэмүүжин цогцолбор сургуулийн захирал М.Золзаяа болон холбогдох албаныхан оролцлоо.

Дээрх хөтөлбөрийн дагуу 60 орчим эцэг эх, 120 гаруй сурагч, 90 орчим багш сурган хүмүүжүүлэгч нарт “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай” хууль, Хүүхэд хамгааллын бодлогын талаарх шаардлагатай, мэдлэг мэдээлэл, жишиг сургуулийг туршин хэрэгжүүлэх арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.


Жишиг сургууль нь хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж, хүүхдийг бие даасан зөв хүмүүжилтэй, бусдад өөрийгөө ойлгуулж, үзэл бодлоо илэрхийлэх чадвартай иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор хэрэгжиж байгаа хөтөлбөр юм.


Жишиг сургуулийг сонгохдоо хүний нөөц, сурагчид, хүүхэд хүмүүжлийн эерэг хандлага арга зүйг нэвтрүүлж буй байдал, багш ажилчдыг мэргэшүүлж буй байдал, хүүхдийн санал санаачилгыг дэмжин ажиллаж буй байдал, сургуулийн орчин эрүүл ахуй, гадаад орчин, хүүхэд хамгааллын үйлчилгээ гэх мэт олон шалгуур үзүүлэлтийн дагуу сонгон хөтөлбөр хэрэгжүүлжээ.


Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголын сурагчдын холбоо хамтран ажиллаж байгаа бөгөөд сургагч багшаар Монголын сурагчдын холбооны Сэтгэл зүйч С.Тэгшжаргал, О.Сарантуяа нар ажилласан байна.

Холбоотой мэдээ