Ирц бүрдээгүйн улмаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-11-28 12:49:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хоёр асуудлыг хэлэлцэх байсан ч алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээг бууруулсан хугацааг үргэлжлүүлэн сунгахтай холбоотой хуулийн төслийг салбарын сайдыг байлцуулан хэлэлцэхээр түр хойшлуулав.

Ингээд хоёр дахь асуудал болох Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэж эхэлсэн юм.

Тус хэлэлцээрийн тухайд  Монгол, Беларусь Улсын Засгийн газар хооронд 50 сая еврогийн “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг байгуулахаар төслийг хамтран боловсруулаад байгаа юм. Зээлийн нөхцөл нь жилийн 0.78-1.9 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа нь 7 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь хоёр жил юм байна.

“Зээлийн хүүгийн хувьд УИХ-аас зөвшөөрөл авч, хэлэлцээрийг батлагдах үеийн хувь хэмжээнээс хамаарч тогтоохоор байгаа”-г Сангийн дэд сайд Х.Булгантуяа онцолж байсан юм. Түүнчлэн ОУВС-ийн аргачлалаар энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин 17.42 хувь бөгөөд Монгол Улсын өрийн удирдлагын тухай хуулиар хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч буйгаараа онцлогтой аж. Хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийг хоёр улсын Засгийн газар тохиролцох бөгөөд эхний ээлжинд ОБЕГ-т гал унтраах машин, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөж байгааг Сангийн дэд сайд дуулгасан юм.


   Хэлэлцээрийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асуув.


Беларусь Улс хотын тээврийн асуудлаа амжилттай шийдсэн туршлагатай, Энэ чиглэлд  хэрхэн хамтран ажиллах вэ гэсэн асуултад, Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Зээлийн ерөнхий хэлэлцээр батлагдсаны дараа салбарын яамдтай ярилцан, санал авч Засгийн газраар хэлэлцүүлсний эцэст УИХ-ын харьяалах Байнгын хороодоор төслүүдийг тухай бүрт нь хэлэлцүүлнэ. Нийтийн тээврийн чиглэлээр нийслэлийн удирдлагууд онцгойлон анхаарч ажиллах  шаардлага байгаа. Польш Улс нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах зорилгоор зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэх бололцоотой гэдгээ мэдэгдсэн. Харин  Беларусь Улсын хувьд “Маз” маркын техник хэрэгслийг нийлүүлэх сонирхолтой байгаа бөгөөд энэ нь манай ОБЕГ болон хөдөө аж ахуйн салбарт ашиглах бололцоотой. Мөн хэлэлцээрийн төслийг боловсруулах явцад  Улаанбаатар дахь хуучны орон сууцнууд Беларусь Улсад үйлдвэрлэсэн цахилгаан шат хэрэглэдэг учир эдгээрийг шинэчилж өгөөч гэсэн хүсэлтийг иргэд тавьсан. Тиймээс дээрх хэлэлцээрийн хүрээнд цахилгаан шатыг шинэчлэх боломж бий.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Өнөөдрийн нийслэлийн авто замын түгжрэлийн гол шалтгаан нь нийтийн тээврийг хүртээмжгүй байдал юм. Түүнчлэн сургуулийн хүүхдүүдийн унааны асуудлыг чухалчлах ёстой. Тиймээс энэ хэлэлцээрийн хүрээнд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, сургуулийн хүүхдийн автобусны тоог нэмэх шаардлагатай.

 УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Эдийн засгийн өсөлтийг бий болгох, ажлын байр  нэмэх  салбаруудад зээл тусламжийг төвлөрүүлмээр байна. ОБЕГ-т тоног төхөөрөмжийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай. Гэхдээ хөдөө аж ахуйн салбарт техник худалдаж авмаар байна. Гол салбар болох хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх нь чухал. Тухайлбал  жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэхэд төрөөс бодлогоор дэмжмээр байна. Тиймээс зээлийн зарцуулалтыг хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан гэх зэрэг ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих, орлоготой болгох салбаруудад зарцуулах нь зүйтэй гэв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Сангийн яам иргэдийг ажил, орлоготой байх чиглэлээр бодлого  явуулахгүй байна. Зээл тусламжийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн эргэлтэд оруулах,  ажлын байрыг нэмэгдүүлэхэд түлхүү анхаармаар байна.


 

Байнгын хорооны дарга Д.Дамба-очир: Зээлийн зарцуулалтын талаар гишүүдийн хэлсэнтэй  санал нэг байна. Эдийн засгийг тэлэх өгөөжөө өгөх салбаруудад зээл олгомоор байна. Хөнгөлөлттэй зээлийн хугацааг 28-30 жил болгох зэргээр зээлийн нөхцлийг сайжруулах чиглэлээр дахин яриа хэлцэл хийх хэрэгтэй гэсэн саналтай байна. УИХ-аас баталсан зээлийн хэлэлцээрийг Сангийн яам дахин төлөвлөж, хуваарилалт хийдэг нь буруу юм “хэмээв.

Ийнхүү хэлэлцүүлэг өрнөсөн ч хуралдааны явцад ирц бүрдээгүйн улмаас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулахаар болов.

 

Холбоотой мэдээ