Жилд 10 тонн аюултай хог хаягдал ялгардгаас 10 орчим хувийг л устгадаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-28 20:54:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, МХЕГ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/ хамтран “Монгол Улсын аюултай хог хаягдлын менежмент – Цаашид авах арга хэмжээ” олон улсын бага хурлыг зохион байгуулав.

Иргэд аюултай хог хаягдлыг зөвхөн химийн хорт бодис гэж ойлгоод байдаг. Гэтэл бидний эргэн тойронд байдаг батарей хүртэл аюултай хаягдал. Иргэд хаях зүйлээ дараагийн үйлдвэрлэлд шилжих боломжийн талаар ойлголттой болох нь чухлыг хурлын үеэр БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа онцлон ярьж байв.


Тэрбээр, “Манай улс эмнэлгийн хогийг тодорхой хэмжээнд устгаж байгаа ч химийн бодисыг устгаж чадахгүй олон жил хадгалсаар байгаа. Аюултай хог хаягдлаа булшлах, дахин боловсруулах газруудаа бий болгох нь чухал асуудал болоод байна. Манай яамны зүгээс энэ асуудлыг боловсруулж Төв аймгийн Эрдэнэ сум, Улаанбаатар хотод хог хаягдлыг булах цэг байгуулахаар засгийн газарт 2 жилийн өмнөөс хандсан. Гэвч хуулийн дагуу БОАЖЯ газрын асуудлаар санал оруулах эрхгүй гэдэг үндэслэлээр шийдэж өгөхгүй байна” гэв.



МХЕГ-ын Байгаль орчны ахлах байцаагч У.Өлзийцэцэг, “Аюултай хог хаягдлыг экспортлох боломжгүй байдгаас дотооддоо дахин боловсруулах, байгаль орчинд нөлөөлөхгүй байдлаар устгах шаардлага гарч байна. 

Улсын хэмжээнд жилдээ 10 мянган тонн аюултай хог ялгадаг бол түүний 10-20 хувийг л  дахин боловсруулж байгаа судалгаа гарсан.

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны УИХ-ын чуулганаар батласан. Энэхүү хууль шинээр батлагдсанаар аюултай хог хаягдал ялгаруулдаг ААН-үүдэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьдаг болсон. Ингэснээр тэдгээр ААН-үүд аюултай хог хаягдлаа холбогдох газарт нь тушаах, түүний хор нөлөөний талаар мэдлэг ойлголттой болсон” гэлээ.



Манай улс 2014 онд хэрэглээнээс гарсан химийн хорт болон аюултай бодисын тооллогыг улсын хэмжээнд явуулжээ. Тооллогоор 21 аймгийн 139 суманд  369 тонн, 69 мянган литр хугацаа нь дууссан химийн бодисыг хадгалж байв.  Эдгээр химийн бодисын  55.6 хувь нь ажлын байранд,  25.4 хувь нь  зохих ёсны хамгаалалтгүй агуулахад, 2.6 хувь нь  задгай талбайд хадгалж байв. Иймд  Монгол Улс аюултай хог хаягдал химийн бодисын ашиглалтаас үүдэлтэй эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх ноцтой сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ авах шаардлагатайг илтгэгчид онцлов.

Өнөөдрийн олон улсын бага хурлаар БОАЖЯ, МХЕГ болон ЕСБХБ-ны төлөөлөл Монгол улсын аюултай хог хаягдлыг бууруулахад саналаа тусган зөвлөмж боловсруулж Засгийн газар болон холбогдох газруудад хүргэх юм.

Тус бага хурал нь энэ чиглэлээр Монгол улсад зохион байгуулагдаж байгаа анхны албан ёсны арга хэмжээ бөгөөд хог хаягдлын болон байгаль орчны мэргэжилтнүүд хамтран оролцож орон нутгийн иргэдэд хог хаягдлын асуудал нь хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангахад ямар чухал үүрэгтэйг ойлгуулж тэдгээрийн ухамсарт эерэгээр нөлөө үзүүлэх үр дүнтэй юм.

Холбоотой мэдээ