Багануур дүүрэгт амбулаторийн үзлэгийн 3.7 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-11-28 16:47:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн энэ сарын 27-нд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, "Энэрэлт-Өлзий",  "Ач элбэрэл" өрхийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцлаа.

Тус дүүргийн Эрүүл мэндийн төв нь дүүргийн 5 хорооны 7987 өрхийн 28000 гаруй  хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 314 эмч, эмнэлгийн мэргэжилтэн үзүүлж байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайдын баталсан зааврын дагуу томуу, томуу төст өвчний бэлэн байдлын төлөвлөгөөг гарган, эм, эмнэлгийн хэрэгсэл, хүний нөөцийн хангамжид анхаарал хандуулан ажиллаж байна.
Ажлын хэсэг тус төвийн хүүхдийн тасаг,  хүлээн авах, түргэн тусламжийн болон бусад тасгийн үйл ажиллагаатай танилцан иргэд үйлчлүүлэгч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзан, тэдний санал бодлыг сонслоо. Мөн дүүргийн ЗДТГ-аас эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээнд хэрхэн дэмжлэг үзүүлэн ажилладаг талаарх мэдээллийг хийж, харилцан санал солилцов.

Тус төвийн амбулаторийн үзлэгийн 3.7 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ өдрийн байдлаар 40 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд орны хүлээгдэл, ачаалалгүй хэвийн ажиллаж байна. Цаашид нэмэлтээр 86 ор дэлгэн хүүхдийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлжээ.
Мөн дүүргийн хэмжээний “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээний болон иргэдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг /багц/-ийн явцтай танилцлаа.
Ажлын хэсэг ЭнэрэлтлзийАч элбэрэл өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-д ажиллав.
Энэрэлт-Өлзий ӨЭМТ нь дүүргийн 1 дүгээр хорооны 9000 гаруй хүн амд 4 эмч, 5 сувилагч эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 цэцэрлэг болон  зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулсан. Өнгөрсөн 7 хоногт 634 иргэн амбулаторийн үзлэгт хамарснаас 0.4 хувь нь томуу, томуу төст өвчин эзэлж байна.

Ач элбэрэл ӨЭМТ нь дүүргийн 5 дугаар хорооны 6400 гаруй хүн амд 3 эмч, 3 сувилагч эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Хорооны нутаг дэвсгэрийн  зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулсан. Өнгөрсөн 7 хоногт 264 иргэн амбулаторийн үзлэгт хамарснаас 6.4 хувь нь томуу, томуу төст өвчин эзэлж байна.
Дээрх 2 ӨЭМТ-д эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалд хамруулахын ач холбогдол болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийг шинэчлэн батлах тухай” тушаал, Өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 5292:2017 тус тус хэрэгжүүлж ажиллах чиглэлээр санаачилгатай ажиллахыг хэллээ.
 Эрүүл мэндийн дэд сайд Багануур дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллан эмнэлгийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээний бэлэн байдал ялангуяа эм, тариа, орны нөөцийн бэлтгэл болон  урьдчилан сэргийлэх мэдээлэл сургалт,  сурталчилгааг эрчимжүүлэх болон иргэдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулах, хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний зааврын хэрэгжилтэд анхаарах, чанд мөрдөн ажиллах чиглэлээр зөвлөмж өгөв гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ