Эмгэнэл

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-03-07 13:24:43

ОЧИРБАТЫН ЧУЛУУНБАТ
(1958-2016)

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, эдийн засгийн ухааны доктор Очирбатын Чулуунбат 2016 оны гуравдугаар сарын 6-ны өдөр хүнд өвчний учир таалал төгслөө.

О.Чулуунбат нь 1958 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод Ш.Очирбатын хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Тэрээр 1965-1975 онд Нийслэлийн 21 дүгээр дунд сургуулийг дүүргэж, улмаар ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн хэлний бэлтгэл курст суралцан 1976-1981 онуудад ОХУ-ын Москва хотноо Олон улсын харилцааны дээд сургуульд суралцан Олон улсын санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр төгссөн байна. Мөн 1996 онд ОХУ-ын Шинжлэх ухааны Академид “Шилжилтийн үеийн санхүү мөнгөний онцлог” сэдвээр Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр хөдөлмөрийн гараагаа Улсын банкны Ерөнхий хорооны гадаад тооцооны газарт ахлах эдийн засагч, референтээр 1981-1987 оны хооронд ажиллаж эхэлсэн бөгөөд 1987-1990 онд ОХУ-ын Москва хотноо Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон Улсын банкинд ахлах зөвлөх, ахлах дилерээр ажиллаж байгаад 1990-1991 онд Монгол банкны Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилласан билээ. 1991-1992 онд хувийн секторт зөвлөх, 1992-1993 онд ХОТШ банкны 1-р орлогч захирлын албыг хашиж байлаа. Үүний дараа Монгол банкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр 1993-1996 онд ажилласан бол АНУ-ын Нью-Иорк хотын Салес Капитал маркет пүүсд 1996-2000 он хүртэл ахлах трейдерээр ажилласан байна.

О.Чулуунбат 2000-2006 онд Монгол банкны Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж үүрэгт ажлаа нэр төртэй биелүүлсэн болно. 2006-2008 онд хувийн секторт зөвлөхөөр ажиллаж байгаад 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан юм. 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн яамны Дэд сайд, 2014-2015 он хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж байсан билээ.

О.Чулуунбат нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулж 2 шатлалт банкны тогтолцоог төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хангах төрийн мөнгө санхүүгийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож байв. Түүний олон улсын эдийн засаг, банк санхүүгийн өргөн мэдлэг нь Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцаатай холбоотой чухал шийдвэрүүдийг гаргахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.

Тэрбээр хүүхэд ахуй цагаасаа ширээний теннисний спортоор хичээллэн 1983 онд БНМАУ-ын Спортын мастер цол хүртсэн бөгөөд Монголын Ширээний Теннисний Холбооны Ерөнхийлөгч, Монголын Үндэсний Барилгын Ассоциацийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан билээ.

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт оруулсан түүний хувь нэмрийг өндрөөр үнэлж Санхүү-Банкны тэргүүний ажилтан, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.

Талийгаачийн улс орныхоо төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шударга, ажилч хичээнгүй зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Ц.ЭЛБЭГДОРЖ, З.ЭНХБОЛД, Ч.САЙХАНБИЛЭГ,
Ц.БАЯРСАЙХАН, Ч.УЛААН, С.БАЯРЦОГТ, Б.БОЛОР, Ц.ЦОЛМОН, Д.ТЭРБИШДАГВА, Д.БАТТУЛГА, Э.БАТ-ҮҮЛ, Н.ЗОЛЖАРГАЛ, Б.ДЭЛГЭРМАА

Холбоотой мэдээ