НИТХ-ын дарга Европын Элчин сайдуудтай санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2018-11-30 13:39:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хэмжээнд очихоор, 1.4 сая хүн амтай мегаполис хот болсон Улаанбаатар хотын хувьд агаар орчны бохирдол, түгжрэл, дэд бүтэц, хамгийн гол нь хэт төвлөрлийг шийдэхэд мэргэжлийн экспертүүдийн тусламж, туршлага хэрэгтэй байгаа талаар НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Европын Холбоо, түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суурин болон хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудыг хүлээн авч уулзах үеэр онцлон хэлж байв.


НИТХ-ын дарга С.Амарсайхан Элчин сайдуудад эхлээд нийслэл хотын талаарх ерөнхий танилцуулгыг хүргэж, хөгжлийн бодлогын талаар санал солилцон ярилцлаа. Ингэхдээ хүн ам өсч, суурьшил хөдөлгөөн ихэсч хүрээгээ тэлсээр байгаа хотын дэд бүтэц, төвлөрлийг сааруулж тулгамдаж буй замын түгжрэл, хүн амын нийгмийн хангамжийг сайжруулахад мэргэжлийн боловсон хүчин, экспертүүдийг сургаж дадлагажуулж чадавхижуулахад мэргэжлийн туслалцаа, хамтын ажиллагаа хэрэгтэй байгааг тэмдэглэн хэлж энэ талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.



Уулзалтад Европын Холбоо, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд Найрамдах Австри Улс, Нидерландын Хаант Улс зэрэг 28 улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, мөн Европын Холбооны бусад орнуудын Элчин сайдын яамны төлөөлөл оролцлоо. Энд НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгальмаа нар байлцав.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ