Ж.Ганбаатар: Бичил уурхайчдыг байгалиа ухах биш хамгаалах ажилд татан оролцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-12-08 22:15:31

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд 498 бичил уурхайчид бий. Эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах, хуулийн хүрээнд үйл ажиллагааг нь явуулах, орлогын хоёрдогч эх үүсвэрийг бий болгох зорилгоор аймгийн Засаг даргын дэргэд Бичил уурхайн дэд зөвлөл байгуулагджээ. Энэ талаар тус аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатараас тодрууллаа.

 

-Аймгийн “Бичил уурхайн дэд зөвлөл” хичнээн гишүүнтэй вэ? Зөвлөлийнхөө зорилго, зорилтын талаар танилцуулаач?

-Аймгийн Засаг даргын 2018 оны А/331 дүгээр захирамжаар бичил уурхайн дэд зөвлөл байгуулагдсан. Дэд зөвлөлийн даргаар миний бие, Нарийн бичгийн даргаар ХОХБТХ-ийн Үйлдвэр, ХАА, Байгаль орчны бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал ажилладаг. Мөн бичил уурхайн хамааралтай сумдын Засаг дарга нар, зарим байгууллагын дарга нараас бүрдсэн 20 гишүүнтэй. Дэд зөвлөлийн маань үндсэн зорилго нь аймгийн хэмжээнд хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийг бүртгэлжүүлэх, зохион байгуулалтад оруулж албажуулах мөн улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хангуулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-үүдтэй гурван талт гэрээ байгуулах замаар бичил уурхай эрхлэгчдийн газрын асуудлыг шийдвэрлэж, тогтвортой ажлын байраар хангах, нийгмийн үйлчилгээнд хамруулах, орлогын хоёрдогч эх үүсвэртэй болгох, нөхөн сэргээлт хийх ажилд дэмжлэг үзүүлэх гэсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар дэд зөвлөл маань хоёр удаа хуралдаж, 2019 онд хэрэгжүүлэх есөн зүйл бүхий төлөвлөгөөг гаргаад ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 498 бичил уурхайчид байдгаас сумын Засаг даргатайгаа гэрээ байгуулаад албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа 36 нөхөрлөлийн 288 бичил уурхай эрхлэгчид бий. Үлдсэн 210 бичил уурхайчид нь газрын асуудлаар, тодорхой шалтгааны улмаас үйл ажиллагаагаа одоогоор явуулаагүй байна.  

-Бичил уурхай эрхлэгчдийг хоёрдогч орлогын эх үүсвэртэй болгоно гэж ярилаа. Энэ талаар дэлгэрүүлээч?

-Аймагт уул уурхайн улмаас эвдэрсэн нөхөн сэргээлт хийх шаардлагатай талбай нэлээд байдаг. Тэр дундаа өнгөт чулуу олборлох хууль бус үйл ажиллагаанаас үүдэн эвдэрч сүйдсэн газрыг нөхөн сэргээх, байгалийг онгон төрхөнд нь оруулах шаардлагатай. Тиймээс нөхөн сэргээх ажилд нөхөрлөлүүдээ татан оролцуулж, байгалийг ухах биш байгаль хамгаалах чиглэлрүү нь хандуулах юм. Талбайг нь нөхөн сэргээлгэе, шаардагдах зардлыг нь гаргая, нөхөн сэргээсэн талбай дээр нөхөрлөлүүддээ орлогын хоёрдогч эх үүсвэртэй болгоё гэсэн үг л дээ. Жишээлбэл, Норовлин сумын нөхөрлөлүүд мал аж ахуй эрхлээд эхэлсэн байна. Түүнтэй адил нөхөн сэргээсэн талбай дээр малын тэжээл тариалах, мод тарих, зөгий үржүүлэх, өөр ямар байдлаар ашиглаж болохоор байна, тэр талаас нь орон нутгийн зүгээс дэмжинэ. Энэ жил туршилтаар Хэрлэн, Батноров сумын нутагт нийт 30 га газрыг нөхөн сэргээх ажилд орон нутгийн төсөв, Байгаль хамгаалах зардлаас дэмжлэг үзүүлсэн.

Үүнээс гадна нөөц нь тогтоогдсон, бичил уурхайн хэлбэрээр гараар ухах боломжтой газар нэлээд багассан, шинээр газар олгох боломж төдийлөн бага байна. Тиймээс бараг арваад жил энэ ажлыг хийсэн хүмүүсийг аажмаар өөр салбарлуу оруулахгүй бол олон өрх айлын амьдралд хүндрэл үүснэ шүү дээ.

-Бичил уурхайчдынхаа ирээдүйг харсан нэлээд чухал ажлыг санаачлан хийж байгаа юм байна. Сая таны хэлсэнчлэн 10-аад жил зөвхөн газрын баялгийг ашиглаж ирсэн эдгээр хүмүүс маань маань өөр салбарт орох боломж хэр байдаг юм бол?

-Бид  эдгээр иргэдийг мэргэжилтэй болгоход анхаарч байна. Дэд зөвлөл болон Бичил уурхай эрхлэгчдийн холбоотойгоо хамтраад аймгийн МСҮТ-д бичил уурхай эрхэлж байгаа иргэдэд мэргэжил олгох сургалт явуулж байгаа. Нийгмийн даатгалын хэлтэс бичил уурхай эрхлэгчдийг нийгмийн даатгалд бүрэн хамруулах асуудлыг зохион байгуулахаар болсон. Мөн бичил уурхай эрхэлж байгаа иргэдээс шалгуур шаардлагыг нь хангасан төсөл хөтөлбөрт аймгийн ХХҮГ дэмжлэг үзүүлнэ гэх мэт төрийн байгууллагууд өөр өөрийнхөө хэмжээнд бичил уурхайн дэд зөвлөлийнхөө үйл ажиллагааг явуулахад хамтран ажиллаж байна.

-Төрийн болон ТББ-ууд хамтран бичил уурхай эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, өөр орлогын эх үүсвэрийг бий болгохоор зорин ажиллаж байгаа юм байна. Харин хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хувьд ямар бодлого барьж байгаа вэ?

-Бичил уурхайн дэд зөвлөлд сумдын  Засаг дарга нар ордог. Тиймээс тухайн суман дээр ямар нэгэн нөхөрлөл байгуулахгүй үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруул, бичил уурхай эрхлэгчидтэй адилхан ажиллах боломжоор нь ханга гэсэн чиглэл өгсөн.

Мөн өөр аймгуудаас бизнесийн зорилготой, ашиг хийх гэсэн хэсэг бүлэг хүмүүс нөхөрлөл нэрээр халхавчлан орж ирдэг. Үүнийг мөн зогсоох чиглэл өгсөн. Зөвхөн тухайн сумын оршин суугч иргэдийг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулаад бусдыг нь шахаж гаргана. Дэд зөвлөлийн маань цаашдын зорилго нь 2019 он гэхэд бүх хувиараа ашигт малтмал олборлодог иргэдийг бичил уурхайруу оруулж, албан ёсных болгоно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Холбоотой мэдээ