Монголын бахархалт ээжүүдийг тодрууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-03-07 14:57:42

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын гэр бүлийн академиас “Монголын Бахархалт Эмэгтэй -2016” хүндэтгэлийн арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгууллаа.

Энэ арга хэмжээнд "Монголын бахархалт ээж", "Хүндэт ээж", "Ачлалт ээж", "Манлайлагч эмэгтэй", "Дархан бэр", "Шилдэг залуу эмэгтэй" зэргийг шалгаруулан хүндэтгэлийн батламж, дурсгалыг зүйлс зэргийг гардуулан өгөв. Монголын гэр бүлийн академийн тэргүүн Ц.Өлзийдаваа “ Бид улс эх орондоо болон сум орон нутагтаа хийж бүтээсэн зүйлтэй, мөн олон хүүхэд төрүүлж өсгөсөн ачлалт ээж нарыг шалгаруулан тэдгээр сайхан ээжүүдэд урам зориг өгөх зорилгоор энэ хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байна” гэлээ.

"Дархан бэр" шагналыг авсан Ц.Нямсүрэн /40 нас/ “Бид одоо 7 хүүхэдтэй. Хоёр удаа ихэр хүүхэд гаргасан. Нэг нь 2 ихэр, нөгөө нь 3 ихэр. Хамгийн том нь хүү охин хоёр. Дархан бэр шагналыг авсандаа маш их баярлаж байна. Монголынхоо нийт ээжүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе” гэв. Монголын гэр бүлийн академиас зохион байгуулсан өнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд 99 ээжийг шагнаж урамшуулав.

С.Сайнзаяа

Холбоотой мэдээ