“Ард санхүүгийн нэгдэл" хувьцаа эзэмшигчиддээ хүүгүй зээл олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-12-03 14:58:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Интернет технологийг дагаад бүхий л салбарт өөрчлөлт өрнөж байгаа нь банк, санхүүгийн салбарт хамгийн хурдан тусгалаа олж, эндээс үйлчилгээ авах улам хялбар болж байна.

Жишээ нь, финтек буюу санхүүгийн технологийн банк болохоор зорьж буй “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцаа эзэмшигчид энэ сараас хүүгүй зээл авдаг болж эхэллээ. Тодруулбал, 30 хоногийн хугацаатай, 20 хүртэлх сая төгрөгийн хүүгүй зээл олгох болсноо энэ 12-р сарын 1-нд болсон “Ардын Өдөрлөг”-ийн үеэр тус компанийг тэргүүлж буй Ч.Ганхуяг мэдэгдээд байна. Энэ нь манай улсын банк, санхүүгийн зах зээлд гарч буй шинэ үзэгдэл юм гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Зээлийн хүүг бууруулах талаар өнөөдөр шат шатандаа ярьж, иргэд олон нийтийн анхаарал ч энэ зүг хандаж байгаа. Ийм цагаар дээрх мэдээлэл түгсэн нь олон хүний сонирхол татаж байна. Ямар нэгэн нуугдмал үнэ төлөхгүйгээр энэхүү зээлд хамрагдах боломжтой бөгөөд бусад банк санхүүгийн байгууллагад иргэд төлж заншсан мөнгө шилжүүлэхэд авдаг шимтгэл, данс хөтөлсний хураамжийг тус компани бүх хэрэглэгчдэдээ тэглэжээ. Өөрөөр хэлбэл, та дансаа шалгах, мөнгөн гуйвуулга хийх, төлбөр шилжүүлэхэд үргүй зардал өөрөөсөө гаргахгүй гэсэн үг.  


Мэдээллийн технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ дэлхий нийтийг хамарч, үүнийг Монголд шинэ тутам нэвтрүүлж буй “Ард санхүүгийн нэгдэл” цахим дэлгүүр болох “ArShop.mn” албан ёсоор нээлтээ хийж, энэхүү цахим дэлгүүрт анхлан нэгдсэн 20 гаруй үндэсний үйлдвэрлэгчид “Ардын Өдөрлөг”-ийн үеэр бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж, бэлэн мөнгөөр бус Ард Апп-аар төлбөрөө хийдэг болжээ.


Тэрчлэн “Монгол Шуудан”-гаар хаана байгаа газраа хүргүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн байна. Санхүүгийн үйлчилгээ улам ухаалаг болж, финтекийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа дэлхий нийтийн энэхүү давалгааг Монголд түүчээлж яваа компанийн нэг “Ард санхүүгийн нэгдэл” уламжлалт ойлголтыг халж байна. Ингэснээр иргэдэд цаг хугацааг хэмнэх төдийгүй эдийн засгийн хувьд илүү ач холбогдолтой бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байна.

Б.Болд

 

 

 

Холбоотой мэдээ