Барилгын тусгай зөвшөөрлийг цахимаар олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-08 15:58:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБЯ-наас “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийг цахимаар олгох ажлыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс бодитоор эхлүүлэх гэж байна.

Энэ талын бэлтгэл ажлыг хангах талаар БХБ-ын сайд Х.Баделхан тус яамны хурал дээр мэдэгдэж, яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Билэгжаргалт үүрэг өгөөд байна.

“Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийг цахимаар олгохтой холбогдуулан мөн Экспертийг сонгон шалгаруулах журмыг батлуулж, Экспертийн сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулах, “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”, “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-д өөрчлөлт орж байна.


Мөн түүнчлэн сургалт явуулах, тусгай зөвшөөрлын олголт зэрэг төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр ТББ-аар гүйцэтгүүлэх ажлын гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгч, ирэх онд ажиллах зарчмаа тохироод байна.

Үүний өмнө барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах программыг БХБЯ хүлээн аваад байгаа юм.

 

Холбоотой мэдээ