Аймгийн аварга шалгаруулах "Адуучин" тэмцээн Биндэр суманд болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-12-08 22:28:36

Хэнтий /МОНЦАМЭ/ Биндэр сумын Баянголын хөндийд хийморлиг адуучин залуусын дунд Монголын адуучдын холбооны Хэнтий аймаг дахь салбар, Биндэр сумын ЗДТГ хамтран Аймгийн аварга шалгаруулах "Адуучин" тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.

Монгол адууны өв соёлыг уламжлуулан үлдээх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах нь энэхүү тэмцээний гол зорилго аж.

Тэмцээнд 18 сум, таван тосгоны 52 адуучин залуус хурд хүч, авхаалж самбаа, эрэмгий зориг, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлджээ. Тэргүүн байрт Биндэр сумын харъяат Улсын аварга адуучин Х.Бат-Эрдэнэ, дэд байрт Жаргалтхаан сумын адуучин Н.Алтангэрэл, гуравдугаар байрт Дархан сумын адуучин Х.Буянтөгс нар шалгарсан байна.

Уг арга хэмжээний санхүүжилт, шагналын санг Хэнтий аймгийн ардчилсан намын дарга Ш.Батдэлгэр ивээн тэтгэв. Тэргүүн байрт шалгарсан адуучинг Аймгийн алдарт уяач Батсүхийн Цогтбаяр хязаалан адуугаар, дэд байрт шалгарсан адуучинг Мандалхаан багийн иргэн Т.Батбаяр шүдлэн адуугаар, гутгаар байрт шалгарсан адуучинг Баян-Өндөр багийн иргэн П.Чинзориг даагаар тус тус шагнаж урамшуулжээ.

Холбоотой мэдээ