Ургацын баярын барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-10 16:54:12

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Атрын анхны шан татсан үеэс хойш 59 дэх намрын ургацаа энэ жил Сэлэнгэ түмэн хураан авлаа. Өгөөж баян намрын шим, дэлхий ээжийн харамгүй хайрласан хишгээ Сэлэнгэчүүд түмэн олонтойгоо хуваалцдаг уламжлалттай. Энэ ч утгаараа ургац-2018 баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг энэ сарын 6-ны өдөр зохион байгууллаа.  

“Сэлэнгэ ургац-2018” арга хэмжээнд зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын заан Б.Батмөнх, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Одгэрэл тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 48 хүчит бөх зодголлоо.

Эл хүчит бөхийн барилдаан уран хурц, сонирхолтой, үзүүштэй болж, уБ.Бат-Өлзий түрүүлж, у/з Б.Батмөнх үзүүрлэн, у/х Б.Одгэрэл шөвгөрлөө. Бөхийн барилдааныг “Өег” гурил ХХК ивээн тэтгэж түрүү бөхийг 1.500.000, үзүүр бөхийг 1.000.000, шөвгөрсөн бөхийг 500.000 төгрөгөөр байллаа. Энэхүү барилдааны хүндэт зочин Сэлэнгэ нутгаас төрсөн үндэсний бөхийн 21 дэх аварга Г.Эрхэмбаяр байсан нь үзэгч түмнээ баясгасан явдал болжээ. 

Холбоотой мэдээ