БНАСАУ-ын эсрэг АНУ шинээр хориг тогтоосныг улс төрийн өдөөн хатгалга гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-11 12:40:11
ПХЕНЬЯН. /TASS/. Солонгосын Хөдөлмөрийн намын /СХН/ Төв хорооны /ТХ/ гурван гишүүнийг АНУ хүний эрхийг хамгаалах нэрийдлээр хар жагсаалтад оруулсан нь “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун нарын зургадугаар сард хийсэн түүхэн уулзалтын үзэл санаатай харш, улс төрийн өдөөн хатгалга бөгөөд дайсагнасан үйлдэл” гэж БНАСАУ үзэж байна гэж тус улсын “Rodong Sinmun” сонинд мягмар гарагт нийтлэгдсэн тайлбарт дурджээ.

Умард Солонгосын дээд удирдлагын гурван гишүүнийг “тус улсад хүний эрхийг ноцтой зөрчсөн” хэмээн буруутган хориг арга хэмжээ авч, “гадаад улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нэвтрэх боломжийг нь хязгаарласныг” АНУ-ын Сангийн яам даваа гарагт мэдэгджээ. Хар жагсаалтад намын удирдлагын шатлалаар Ким Жөн Уны дараа гуравдугаарт бичигддэг БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн орлогч дарга, СХН ТХ-ны улс төрийн товчооны тэргүүлэгчдийн гишүүн Цой Рён Хэ, Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам нарыг оруулсан байна.

Хориг арга хэмжээнд мөн СХН-ын ТХ-ны улс төрийн товчооны гишүүн Пак Гван Хо болон тус намын улс төрийн товчооны гишүүнд нэр дэвшигч Чон Гён Тхэк өртжээ. АНУ-ын Сангийн яамны мэдээллээр, Пак Гван Хо нь намын суртал ухуулгын хэлтсийг удирддаг бол Чон Гё Тхэкийг Умард Солонгосын Төрийн хамгаалалтын сайд гэж таамаглаж байгаа аж.
Холбоотой мэдээ