ХҮН-ын шинэ даргыг бүртгэх Дээд шүүхийн хуралдаан хойшилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-03-09 11:11:31

Хөдөлмөрийн үндэсний намын /ХҮН/ шинээр сонгогдсон даргыг бүртгэх Улсын дээд шүүхийн хуралдаан энэ сарын 4-нд товлосон ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-д элсч улмаар намын даргаар сонгогдон, энэ өөрчлөлтөө бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд тус намынхан хандсан аж. Дээд шүүх энэ хүсэлтийн дагуу намын шинэ даргыг бүртгэх эсэхийг хэлэлцэхээр хуралдаан зарлаад байжээ. Гэвч энэ хурлын тов гарсаны дараа ХҮН-ын дотоод хагарал улам эрчимжиж, намын Төв хорооны хурлыг хоёр талд зэрэг зарлан хуралдуулсан юм. Улмаар тус намын хэсэг гишүүд хуралдаж, Б.Найдалааг ХҮН-ын даргаар томилж, Улсын дээд шүүхэд мөн хүсэлт өгснөөр энэ сарын 4-нд болох байсан хурлыг хойшлуулсан байна.

Улс төрийн намын тухай хуулийн 5.1.4-т “Нам дотоод асуудлаа ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэсэн заалт бий. Харин Улсын дээд шүүх нь намыг шинээр бүртгэх, бүтцийн өөрчлөлт, дүрмийн өөрчлөлтийг бүртгэдэг. Тиймээс ХҮН даргын асуудлаа дотооддоо хэлэлцэн эцэслэн шийдвэрлээд, үүнийгээ Дээд шүүхээр бүртгүүлэх учиртай юм.

Гэхдээ Улсын Дээд шүүхэд тус намаас хоёр ч хүсэлт ирсэн тул энэ асуудлыг С.Ганбаатар, Б.Найдалаа нарыг байлцуулан хэлэлцэх бололтой. Харин хэн нэгнийг нь даргаар сонгосон үйл ажиллагаа нь хууль бус байсан гэж үзэх, эсвэл намын асуудлаа дотооддоо шийдэх үүрэг өгөх гэсэн хоёр шийдвэрийн алийг гаргах нь тодорхойгүй юм.

Шүүхийн хуралдааны тов хараахан гараагүй байна.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ