Ирэх бямба гарагт жагсаал цуглаан хийхгүй байхыг Францын эрх баригчид уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-12-13 17:05:02
ПАРИС. /TASS/. Страсбургт халдлага гарсантай холбоотойгоор ирэх бямба гарагт буюу 12 дугаар сарын 15-нд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулахгүй байхыг Францын Засгийн газар “шар хантаазтнуудын” хөдөлгөөнд оролцогчдод хандаж уриалсан байна. Энэ тухай Францын сайд нарын танхимын албан ёсны төлөөлөгч Бенжамен Гриво пүрэв гарагт телевизийн "С News" сувгаар үг хэлэхдээ мэдэгджээ.

“Одоогийн байдлаар бид бямба гарагт эсэргүүцлийн ажиллагаа явуулахыг “шар хантаазтнуудад” хориглоогүй байгаа. Гэвч бид жагсагчдад ухаалаг байж, жагсаал цуглаан хийхгүй байхыг уриалж байна” гэж Гриво мэдэгдсэн байна.

“Та бүхэн уур хилэнгээ илэрхийлсэн бөгөөд бид ч сонссон. Эмманюэль Макрон та бүхний шаардлагад хариу өгсөн. Одоо яриа хэлцээ хийж, санал бодлоо солилцох цаг” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

“Ард түмэн эв нэгдэлтэй байсны үндсэн дээр Страсбургт болсон харамсалтай хэргийн хариуг өгч чадна” гэж Францын Засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна. Гриво мөн гэмт хэрэгтнийг баривчлах ажиллагаанд оролцож буй хууль сахиулах байгууллагын ажилтнуудад болон аврагчдад талархлаа илэрхийлжээ.

Мягмар гарагийн орой 29 настай эрэгтэй Страсбург хотод зул сарын худалдааны үеэр гал нээсний улмаас хоёр хүн амиа алдаж, 13 хүн шархадсан байна. Гал нээснийхээ дараа уг этгээд цагдаа нартай буудалцсан боловч зугтаж чаджээ. Германы хууль сахиулах байгууллагын ажилтнуудтай хамтран явуулж буй Францын цагдаа нарын гэмт этгээдийг эрэн сурвалжлах ажил үргэлжилсээр байгаа юм. Парисын прокурор Рэми Эйтзийн лхагва гарагт мэдээлснээр, мөрдөн шалгах ажлын хүрээнд сэжигтний эцэг, хоёр ахыг оруулаад дөрвөн хүнийг баривчилсан байна.


Холбоотой мэдээ