Утааны эсрэг маск зүүх аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-12-13 17:50:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас утааны эсрэг маск зүүж эрүүл мэндээ хамгаалах аян эхлүүлж байгаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөө” судалгааг хийсэн. Судалгаагаар уушгины хатгалгаа өвчин бага насны хүүхдүүдийн дунд нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. Нийслэлд амьдарч байгаа хүүхдийн уушгины үйл ажиллагаа орон нутагт амьдарч байгаа хүүхдийнхээс 40 хувиар сул байна гэсэн дүн гарсан. Тиймээс ЭМЯ-наас уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх чиглэлээр 2016 оноос вакцин хийж байна. Вакциныг хүүхдийн хоёр, дөрөв, есөн сартайд нь хийдэг. Энэ онд нийслэлийн хүүхдүүдэд хийсэн бол 2019 оноос улсын хэмжээнд уг вакциныг хийхээр төлөвлөсөн. Мөн томуугийн эсрэг вакциныг зорилтот бүлгийн иргэдэд хийж байгаа. Энэ жил хийхээр төлөвлөсөн 125 мянган хүн тун вакцины 112 мянгыг нь хийсэн. Мөн дархлаажуулалтыг дэмжих зорилгоор А, Д витаминаар жирэмсэн эхчүүд, 5 хүртэлх насны хүүхдийг хамруулсан. Судалгааны дүнд агаарын бохирдлоос хамгаалахын тулд 5 ажлыг зайлшгүй хийх шаардлагатай. Үүнд, шүүлтүүртэй маск хэрэглэж хэвших хэрэгтэй. Дуучин М.Амарсанаа санаачлан “Маск” аяныг өрнүүлж байна. Энэ ажлыг дэмжин урлаг соёлынхон идэвхтэй оролцож байгаа. Агаар цэвэршүүлэгч хэрэглэснээр дотоод орчны агаарыг цэвэршүүлэх боломжтой. Эмнэлгүүдийг агаар цэвэршүүлэгчээр хангах талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шаардлага хүргүүлсэн” гэв.

Дуучин М.Амарсанаа, “Анх найзуудын хүрээнд цахим сүлжээгээр мэдээлэл тавьж “Маск аян” өрнүүлсэн.  Аль болох олон хүүхдэд хүргэх зорилгоор өнөөдөр СХД-ийн хоёр сургуулийн хүүхдүүдэд 1000 орчим маск тараалаа. Аяны хүрээнд дэмжин ажилласан компаниуд болон хувь хүмүүст баярласнаа илэрхийлье. ЭМЯ-ны зүгээс маскны талаар ард нийтэд хүргэх талаар анхаарал хандуулж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Эцэг эхчүүд хүүхдээ гадагш гарахад заавал маск зүүлгэж хэвшээрэй” хэмээн уриалав.

Мэдээллийн төгсгөлд ЭМЯ-наас мэргэжилтнүүд маск хэрхэн хэрэглэх, хадгалах талаар зөвлөсөн юм.

Холбоотой мэдээ