Байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2018-12-15 16:43:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад айлчлах үеэр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-гийн хамт 12 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын БОАЖЯ, Япон улсын БОЯ хоорондын Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.

Ёслолын ажиллагааны өмнө Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар хоёр улсын хоорондын байгаль орчны салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Яамд хоорондын байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийж байгаа албан ёсны айлчлалын бүрдэлдэхүүнд ажилласан Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр Япон улсын БОЯ-ны дэд сайд Минору Киучи нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн зорилго нь байгаль орчныг хамгаалах, сайжруулах чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэмжих, өргөжүүлэн бэхжүүлэхэд оршиж байа. Санамж бичгийн зорилгод нийцүүлэн Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох асуудал, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, аялал жуулчлал, байгаль хамгаалал, шар шороон болон элсэн шуурга зэрэг агаарын бохирдлын хяналт, байгаль орчны хамгаалах, сайжруулах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны хэд хэдэн төрлөөр хэрэгжүүлэх юм.


Айлчлалын үер мөн Монгол Улсын БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр Япон улсын Байгаль орчны дэд сайд Минору Киучитай хоёр талт уулзалт хийлээ. Уулзалтын үер дэд сайд Ц.Батбаяр хоёр талт хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэ сард Улаанбаатар хотноо зохион байгуулах хоёр улсын байгаль орчны салбарын бодлогын зөвлөлдөх уулзалтын талаар санал солилцов. Хоёр орны байгаль орчны салбарын хамтын ажиллагааны үндсэн асуудлуудыг тодорхойлдог Бодлогын зөвлөлдөх уулзалтыг өнгөрсөн 12 жилийн хугацаанд тогтмол зохион байгуулсаар ирсэн юм.

 

Холбоотой мэдээ