Цахилгаанд холбох шатлалыг 8-3 болгож цөөрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ"Шийдлийн цаг” уламжлалт уулзалт өнөөдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус компанийн дуудлагын төв болон диспетчерийн үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээ тус байгууллагын удирдлагууд шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлэх шинэ холболтын үйлчилгээний талаарх мэдээллээ танилцуулав.
Уулзалтын эхэнд компанийн Гүйцэтгэх захирал С.Төмөрхүү, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Монгол Улсын эрчим хүчний зах зээлийн гол оролцогчдын нэг бөгөөд өнгөрсөн онд төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 51.6 хувийг түгээсэн. Компани цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын нутаг дэвсгэрийн 31 мянга гаруй хэрэглэгчид үйлчилж байна. Хэрэглэгчийн тоо 2014 онтой харьцуулахад 10.3 хувиар өссөн” хэмээв.
Иймд тус байгууллага зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж иргэн, аж ахуй нэгжүүд шинээр холбогдох хүсэлтээ гаргахаас эхлээд цахилгаанд холбогдох хүртэлх бүх шатны дамжлагыг хамарсан шинэ холболт үйлчилгээг нэвтрүүлэхээр болсон байна. Учир нь одоогоос 20 жилийн өмнө түгээх сүлжээний нийт трансформаторын гурав орчим хувь нь нийтийн бус зориулалттай байсны дээр цахилгаанд шинээр холбох тохиолдол цөөн, хувийн шугам тун бага байсан. Хувийн шугамын ашиглалт үйлчилгээний сул тал нь түгээх сүлжээний найдвартай ажиллагаанд нөлөө үзүүлэхээргүй байсан аж. Харин өнөөдрийн байдлаар нийт трансформаторын 62 хувь нь хувийн трансформатор байгаа нь сүлжээний найдвартай ажиллагаанд нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ. Байдал энэ хэвээр үргэлжилвэл 2020 он гэхэд нийт трансформаторын 80 хувь нь мэргэжлийн засвар үйлчилгээ авах боломжгүй нөхцөлд хүрэхээр байгааг Гүйцэтгэх захирал С.Төмөрхүү хэллээ.
Түүнчлэн Дэлхийн банкнаас гаргасан "Бизнес эрхлэхүй-2013" судалгаагаар цахилгаанд холбогдох үзүүлэлтээр 134 дүгээр байрт орсон зэргээс харахад шинэчлэл явуулах шаардлага үүссэн байна. "Бизнес эрхлэхүй-2013" тайланд дурдсанаар цахилгаанд холбогдох дундаж хугацаа 126 хоног байсныг 2015 онд 79 хоног болгон бууруулж чадсан. Одоогийн байдлаар цахилгаанд холбох үе шат 8 байгааг шинэчлэлийн хүрээнд 3 болгож цөөрүүлэх ба үүний дүнд цахилгаанд холбогдох шатлал цөөрч, хугацаа богиносох, шинээр шугам, дэд станц барихад иргэд, аж ахуйн нэгжээс гардаг зардал буурах, тоноглолын чанар стандартад нэгдсэн хяналт тавих нөхцөл бүрдэх зэрэг эерэг нөлөө гарах гэнэ. Өөрөөр хэлбэл, Гүйцэтгэх захирал С.Төмөрхүүгийн хэлснээр, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК хэрэглэгчдэд боломжгүй гэж хэлэхээ болих нь.
Ерөнхий сайд мэдээллийг сонссоны дараа эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж буй хувийн хэвшлийнхэнтэй ойлголцолд хүрч ажиллах, цахилгаанд холбох үе шатыг 8 байсан шатлалыг 3- руу оруулах ажлыг зохион байгуулахдаа төрийн байгууллагатай хамтарч ажиллах, дараагийн найдвартай эх үүсвэр бүрдэх хүртэл хэвийн үйл ажиллагааг хангах зэрэг хугацаат үүрэг даалгавар өгөв.
Шинэ холболт үйлчилгээ 4 дүгээр сарын 15-наас хэрэгжих бөгөөд эхний хэрэглэгч холбогдсоноос хойш 40 хоногийн дараагаас үр дүн нь гарах юм.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ