Унгарчууд хөдөлмөрийн шинэчилсэн хуулийг эсэргүүцэн жагсаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-18 10:24:22

БУДАПЕШТ. /CBC/. Унгарын нийслэл Будапешт хотод олон мянган хүн хөдөлмөрийн шинэчилсэн хуулийг эсэргүүцэн жагсаж байна. Тэд уг хуулийг "боолчлол"-ын хууль хэмээн үзэж байгаа ажээ.


Жагсагчид Засгийн газрын ордон болон төрийн өмчит телевизийн төв байрыг чиглэн алхсан байна. Энэхүү жагсаал нь өнгөрсөн долоо хоногт хууль батлагдсанаас хойш олон мянган хүнийг хамарсан тав дахь удаагийн хамгийн том жагсаал болсон юм. Цагдаагийн газрын ажилтнууд жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ.


Шинэ хуулийн дагуу компаниуд ажилтнуудаас 400 хүртэлх цаг илүү ажиллахыг шаардах эрхтэй болсны зэрэгцээ ажилтнуудын илүү цагийн цалинг 3 жил хүртэлх хугацаанд хойшлуулах боломжтой болсон байна.


Ерөнхий сайд Виктор Орбаны Засгийн газрын мэдээлснээр, хөдөлмөрийн хуулийн шинэчлэл нь ажилтнуудад үр ашгаа өгөхийн сацуу компаниудад ажиллах хүчний хомсдолоо нөхөхөд нь ихээхэн хувь нэмэр оруулах ажээ.


Өнгөрсөн ням гарагт болсон жагсаал цуглаанд хамгийн олон буюу 10 мянга орчим хүн оролцсон байна.  



Холбоотой мэдээ