АНУ болон ЕХ Савченкогийн шүүх хурлыг Минскийн хэлэлцээрийг зөрчсөн явдал хэмээн үзэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-03-09 16:17:38

Украины нисгэгч эмэгтэй Надежда Савченко хуурай өлсгөлөн зарлах тухай  шийдвэр гаргасантай холбогдуулан энэ сарын 7-ны өдөр  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Төрийн департаментын сайтад мэдэгдэл гаргажээ.

Жон Керри мэдэгдэлдээ “Савченкогийн  шүүх хурал ба  түүнийг шоронд  хорьж буй нь Орос улс  олон улсын норм  ба Минскийн хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хүндэтгэхгүй байгааг  харуулж байна” гэжээ. ”АНУ Савченког нэн даруй суллаж, Украйнд буцаахыг Орос улсаас уриалж байна” гэж мэдэгджээ.

Мөн өдрийн орой Европын Холбоо  үүнтэй адил утга агуулгатай мэдэгдэл гаргасан байна.

“Энэхүү  хэрэг /Савченког суллах/ Украйны зүүн хэсгийн мөргөлдөөнтэй холбоотой барьцаанд байгаа бүх хүмүүс болон хууль бусаар саатуулагдаад байгаа  хүмүүсийг  суллах асуудлаар   Минскийн хэлэлцээрийн хүрээнд  хэрэгжих  багц арга хэмжээнд  зүй ёсоор нийцэх ёстой” хэмээн Европын Холбооны  гадаад бодлого, аюулгүй байдлын  Дээд төлөөлөгч Федерика Могерини мэдэгджээ. Энэхүү мэдэгдэлд Франц улс  мөн нэгджээ. 

Орос улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова 3 дугаар сарын 8-нд  Фэйсбүүкийн өөрийн хуудсандаа “Энэхүү мэдэгдлийг Жон Керри жинхэнээр хийсэн эсэхэд эргэлзэж байна” гэжээ. Учир нь Керри Минскийн хэлэлцээрт “Надежда Савченкогийн тухай нэг ч үг ороогүй бөгөөд тэнд  өгүүлсэн зүйлүүд нь түүний хэрэгт огт хамааралгүй болохыг мэдэх ёстой“ гэжээ. Тэрээр үүнийг нэг хоногийн дараа болох  Савченкогийн шүүх хуралд  дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого хэмээн  үзэж байна гэжээ.  

Энэ сарын 9 хүртэл завсарлага авсан  Савченкогийн шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ.

Уг хурал дээр нисгэгч эмэгтэй сүүлчийн үгээ хэлэх ёстой. “Надежда Савченко маргааш болох шүүх хуралд баттай үг хэлэх бодолтой байгаа. Надеждагийн биеийн байдал дордоогүй, урьдын адил байна“ гэж өчигдөр түүний өмгөөлөгч твиттердээ тэмдэглэжээ.

Украйны нисгэгч эмэгтэй Надежда Савченког  Орос улсын Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар буюу тухайлбал, 2-оос дээш хүний амь бүрэлгэсэн хэргээр  яллаж ч  болзошгүй байгаа юм. Түүнийг 2014 оны 6 дугаар сард Луганскт Оросын телевизийн хоёр сурвалжлагчийн амийг бүрэлгэхээс гадна зураглаачийг хөнөөх гэж оролдсон хэргээр сэжиглэж байгаа юм. Хэрвээ энэ бүхэн нотлогдовол шүүх 23 жилийн ял өгөх аж.

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ