CNN: Сири улсаас АНУ-ын цэргүүдийг татах тушаалд гарын үсэг зурсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-24 11:58:29
НЬЮ-ЙОРК. /TASS/. Сири улсаас цэргээ татах тухай тушаалд АНУ-ын Ерөнхийлөгч гарын үсэг зурсан гэж телевизийн CNN компани Батлан хамгаалах яаман дахь албан ёсны эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан ням гарагт уламжилжээ.

Тус сувгийн эх сурвалжийн мэдээлснээр, зарлигт Сири улсаас цэргүүдийг гаргах хугацаа болон журмыг тусгасан байна. Гэвч эх сурвалж ийм мэдээллийг задруулахаас татгалзсан аж.

Сирээс цэргээ татах тушаал өгснөө АНУ-ын Ерөнхийлөгч 12 дугаар сарын 19-нд мэдэгдсэн билээ. Сири дэх террорист "Лалын улс" бүлэглэлийг АНУ ялсан бөгөөд энэ бол Америкийн цэргүүдийн тэнд байсны цорын ганц зорилго байсан учир тэрбээр ийм шийдвэр гаргасан байна.

Америкийн албаны хүмүүсийн мэдээлснээр, 2000 гаруй цэргийг татахад 60-100 хоног шаардагдах аж.

Иракт “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх цэргийн ажиллагааг АНУ-ын эрх баригчид 2014 оны зургадугаар сард, Сирид 2014 оны есдүгээр сард эхлүүлсэн билээ. Сирээс цэргээ татах тухай Трампын шийдвэр Ойрхи Дорнод дахь АНУ-ын холбоотнууд төдийгүй тус улсын Конгрессийн гишүүдийн хувьд гэнэтийн шийдвэр байв. Хоёр намын нөлөө бүхий сенатчид АНУ-ын Засгийн газрын энэ алхмыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ