Д.Лүндээжанцан: УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ТББХ хэлэлцэх боломжгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо (ТББХ)-ны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргахыг шаардаж, нэр бүхий 40 гишүүнээс ирүүлсэн албан бичгийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзлээ.
Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, “Нэр
бүхий гишүүдээс ирүүлсэн энэхүү албан бичиг нь хуульд нийцэж байгаа эсэх талаар
дүгнэлт гаргуулахаар УИХ-ын дарга дээрх шаардлагыг манай байнгын хороонд
шилжүүлсэн. Гэхдээ энэ асуудлыг манай байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй.
Учир нь УИХ-ын тухай хуулийн 10.3 дугаар зүйлийн дагуу “УИХ-ын дарга нас
барсан, өөр ажилд шилжих болсон, хүндээр өвчилсөн, Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын
даргыг огцруулах дүгнэлт гаргасныг чуулганаар хүлээн авсан эсхүл гэмт хэрэг
үйлдсэнийг шүүхээр тогтоосон бол Төрийн байгуулалтын байнгын хороо хугацаанаас
өмнө огцруулах асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргах” ёстой. Гэвч УИХ-ын гишүүдийн
шаардлагад дээрх хуулийн заалтыг нарийн тусгаагүй тул Төрийн байгуулалтын
байнгын хороогоор хэлэлцэх үндэслэлгүй юм” хэмээгээд хэлэлцэх асуудлын жагсаалтаас
хасч буйгаа дурьдлаа.