Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг үүдээ нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-02 14:57:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг 2019 оныг хүүхэд хамгаалал, өв тэгш хүмүүжлийн жил болгон зарласан. Энэ хүрээнд тус нутгийн ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндийн хамгааллыг дэмжсэн томоохон ажил болох 50 ортой хүүхдийн эмнэлгийг албан ёсоор ашиглалтад оруулж хүүхэд хамгаалал, өв тэгш хүмүүжлийн жилийн ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Тус аймаг нь 30.000 гаруй мянган хүүхэдтэй. Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг өвлийн улиралд амьсгалын зам, томуу, томуу төст өвчлөлөөр хэвтэн эмчлүүлдэг, эмчлүүлэх гэсэн  хүүхдүүдийн ачаалалд дарагддаг улмаар амьсгал, суулгалт, нярай, эрхтэн эмгэгийн олон төрлийн өвчнөөр өвчлөгсөд нэг дор хэвтэн эмчлүүлдэг байлаа. Энэ байдлаас үүдэн хэвтэн эмчлүүлэгсэд эмнэлэг дотоодын халдвар авдаг эрсдэлт хүндрэлтэй нөхцөл байдал сүүлийн жилүүдэд үүсээд байсан юм. Иймээс хүүхдийн өвчнийг төрөлжүүлэн эмчлэх эмнэлэг барих зайлшгүй шаардлагыг аймгийн удирдлагууд холбогдох яам, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар, УИХ-ын гишүүдэд тавьж, аль аль шатандаа анхаарч хөөцөлдсөний үр дүнд ийнхүү хүүхдийн эмнэлэгтэй болж байна. Эмнэлэг ашиглалтад орсноор ажиллах сувилагч, үйлчлэгчийн орон тооны шаардлагаар ажлын байр нэмэгдэх бол хүүхдийн нарийн мэргэжлийн эмч, боловсон хүчний хувьд хангалттай бэлтгэгдсэн гэдгийг Нэгдсэн эмнэлгийнхэн онцолж байна.


Тус эмнэлэг нийт 92 өрөө тасалгаатай. Өрөө бүр нь хүүхдийн ариун цэврийн өрөө, амрах хэсэгтэй. Зоорийн давхартаа гал тогоо, сургалтын өрөө, нэг давхартаа амбулатори, яаралтай тусламж, өсвөр үеийн үйлчилгээ явагдах бол 2 давхартаа хүүхдийн тоглоомын өрөөтэй. Мөн өвчтөн тээвэрлэх зориулалтын лифттэй, давхар тус бүрдээ хүүхдийн өвчнийг төрөлжүүлэн эмчлэх юм.
Уг эмнэлгийн 50 орыг Засаг даргын нөөц хөрөнгөөс зардлыг гарган суурилуулж өгчээ. Эмчилгээ үйлчилгээнд шаардагдах бусад тоног төхөөрөмжийг суурилуулснаар энэ сарын дундуур хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаа жигдрэх аж.

Эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц,  аймгийн удирдлагууд, газар хэлтсийн дарга нар, Нэгдсэн эмнэлгийн хамт олон оролцов.

Холбоотой мэдээ