Ultima Thule солирын талаарх мэдээллийг хүлээн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-01-03 15:30:50

НЬЮ-ЙОРК. /TASS/. Ultima Thule солир нь манай нарны аймгийг үүсэн бий болох эрт үед хамт үүссэн хоёр хэсгээс тогтсон хос солир болох тухай АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэх судлах үндэсний төв /NASA/ мэдээлжээ.  


NASA-гийн мэргэжилтнүүд гараг хоорондын New Horizons станцаас хүлээж авсан мэдээлэл, зургуудад дүн шинжилгээ хийснийхээ дараа ийм дүгнэлтийг хийсэн байна. New Horizons станц мягмар гарагт уг солирт 27 мянган км зайд дөхөж очжээ. “Ultima Thule солир нь хоорондоо холбогдсон хоёр бөмбөрцөг бүхий хос биет болохыг шинэ зургуудыг судалснаар тогтоолоо. Тэдгээрийн урт нь 31 км бол жижиг бөмбөрцөгүүдийн хэмжээ нь 14 км юм” гэж NASA-гийн мэдээлэлд дурдсан байна.


Ultima Thule солир гадаад хэлбэрээрээ матрёшка тоглоом эсвэл боулингийн пинтэй /гахай/ төстэй байна. Энэ солир цул эсвэл өөр өөр хэмжээтэй хоёр биетээс бүрддэг эсэхийг эрдэмтэд New Horizons станц тэнгэрийн уг биетийн хажуугаар нисч, мэдээлэл дамжуулахаас өмнө мэддэггүй байжээ.


Гараг хоорондын New Horizons автомат станцыг 2006 оны нэгдүгээр сарын 19-нд Atlas V зөөгч пуужингаар АНУ-ын Флорида муж улсын Канаверал хошууны сансрын буудлаас хөөргөсөн байна. 2006 оны дөрөвдүгээр сард сансрын уг аппарат Анагараг гарагийн тойрог замыг гаталсан бол 2007 оны хоёрдугаар сард Бархасбадь гарагийн таталцлын хүчний талбайд нислэгийнхээ чиглэлийг зориудаар өөрчлөх маневрыг хийжээ. Харин 2008 оны зургадугаар сард Санчир гарагийн хажуугаар ниссэн байна. 2011 оны гуравдугаар сард Тэнгэрийн ван гарагийн тойрог замаар гарсан бол 2015 оны долдугаар сард Дэлхий ван гарагийн хажуугаар 12.5 мянган км зайтай нисч, уг гарагийн болон дагуул Хароны анхны зургийг авчээ. Одоо уг станц Нарны аймгийг үүсэн бий болсны дараа үлдсэн жижиг оддын асар том бөөгнөрөл болох Койперын зүг чиглэлээ авсан байна.


Холбоотой мэдээ