“Дорноговь 80” цогцолборыг камержуулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-10 17:02:26

Дорноговь аймгийн Сайншанд хотод зочилсон хүн бүхний очих дуртай газрын нэг болоод байгаа “Дорноговь  80” цогцолбор буюу ард иргэдийн амарч тухалдаг ногоон цэцэрлэгт хүрээлэнг орон нутгаас камержуулахаар боллоо.

Аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас тус цогцолборыг камержуулахаар тендер зарласан бөгөөд гуравдугаар сарын 23-нд гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахаар төлөвлөсөн байна.

Тус цогцолборыг Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоор 2011 онд байгуулж хайлаас, улиас зэрэг олон төрлийн мод суулгац тарьж,бага асны хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбай, өндөр настнуудад зориулсан сүүдрэвч, явган хүний зам, гэрэлтүүлэг зэргийг хийж тохижуулсан байдаг.

Орон нутгаас хөрөнгө санхүү гарган тохижуулсан хэдий ч  болчимгүй хүмүүс тэнд цугларч архи ууж согтууран хашаа хашлагыг эвдэх, гэрэлтүүлгийг хагалах, зам талбайг эвдэх зэрэг үйлдэл гаргаад буй учир ийн камержуулахаар болсон аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ