Магнитогорскт аврах ажиллагаа дууссаныг мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-01-04 12:25:10

ЧЕЛЯБИНСК. /Lenta/. ОХУ-ын Челябинск мужийн Магнитогорск хотын олон давхар орон сууцанд ахуйн хий дэлбэрсний улмаас амиа алдсан хүмүүсийн цогцсуудыг аврагчид бүгдийг нь олж илрүүлж чаджээ. Энэ тухай Оросын Онцгой байдлын газрын нэгдүгээр орлогч дарга Александр Чуприян пүрэв гарагт мэдээлсэн байна.


“Бид нурангин доороос сүүлийн 39 дэх цогцсыг өнөөдөр гаргалаа. Онцгой байдлын алба аврах ажиллагаагаа дуусгаж байна” гэж тэрбээр мэдэгджээ. Нурангинд даруулж амиа алдсан 38 хүний цогцсыг хэн болохыг нь таньсан байна.


Аврагчид 39 дэх цогцсыг олж илрүүлсэн гэж урьд нь мэдээлжээ. Үүнээс гадна, хий дэлбэрэх үед сүйдсэн хоёр орцыг сэргээн засвар хийх боломжгүй болсон учраас буулгах аж.


Магниторск хотын Карл Марксын гудамжинд оршдог орон сууцны орц 12 дугаар сарын 31-ний өглөө нурсан бөгөөд гол шалтгаан нь ахуйн хийн дэлбэрэлт болжээ. Оросын Аюулгүй байдлын газрын Мөрдөн шалгах хороо халдлага үйлдсэн гэх хувилбарыг няцаасан байна.


Холбоотой мэдээ