Энэтхэгт шашны үймээн дэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /Vesti/. Энэтхэгийн хинду шашны хатуу чиг шугам баримтлагчид тус улсын өмнөд нутгийн Сабаримала сүмд хоёр эмэгтэй мөргөл үйлдсэнийг эсэргүүцэн үймээн дэгдээжээ.
Тэд эмэгтэйчүүд олон зууны уламжлалыг зөрчиж шашны газар орсныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн хашхиралдаж, зодоон цохион хийсэн байна. Харин санваартнууд сүмийг цэвэрлэж, шашны ариусгал хийcэн бөгөөд 10-50 насны эмэгтэйчүүд “цэвэр ариун” байх боломжгүй гэж үздэг учир Сабарималад орохыг хориглодог аж.
“Эмэгтэйчүүд Сабаримала сүмд орж чадсаныг түүхэн ялалт гэж хэлж болно. Энэ бол юуны өмнө эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөөх ялалт юм. Дээд шүүхийн шийдвэрийн дараа олон эсэргүүцэлтэй тулгарсан боловч бүгд амжилтад хүрсэнгүй, учир нь эмэгтэйчүүд ямар ч байсан сүмд орж чадсан” гэж идэвхтэн бүсгүй Трапти Десаи ярьжээ.
Энэтхэгийн хамгийн алдартай сүмүүдийн нэг болох Керала мужийн Сабарималад 10-50 насны эмэгтэйчүүд орохыг хориглосон уламжлалыг зогсоох шийдвэрийг тус улсын Дээд шүүх өнгөрсөн оны есдүгээр сард гаргасан байна.
Ариун сүмд орж чадсан эмэгтэйчүүд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж, Энэтхэгийн Дээд Шүүхийн шийдвэрийн дагуу сүмд мөргөл үйлдсэн гэжээ. Тэдний зоригтой алхам 10-50 нас хүртэлх бусад эмэгтэйчүүдэд сүмд орох замыг нээж өгнө гэдэгт итгэж байгаа аж.