Конгод Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг зарлах хугацааг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-01-07 12:24:37

КИНШАСА. /NHK/. Бүгд Найрамдах Конго Улсад өнгөрсөн сард зохион байгуулсан Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг тус улсын Сонгуулийн хороо ням гарагт зарлах байсан боловч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. 


Сонгуулийн хорооны мэдэгдэлд, саналын хуудас тоолох ажиллагааны улмаас сонгуулийн дүнг зарлах хугацааг хойшлуулсан гэж тэмдэглэсэн боловч хэзээ зарлахыг мэдээлээгүй ажээ.


Конгын Ерөнхийлөгчийн албыг 18 жилийн турш хашсан Жосеп Кабилагийн дараагийн Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт өнгөрсөн сарын 30-нд болсон билээ. Ж.Кабилагийн дэмжсэн нэр дэвшигч болон бусад сөрөг хүчний намын нэр дэвшигчдийн өрсөлдөөн ширүүн байсан байна.


Ж.Кабилагийн дэмжиж буй нэр дэвшигчид давуу тал гаргахыг оролдож байна хэмээн сөрөг хүчнийхэн Сонгуулийн хороог шүүмжилжээ. Түүнчлэн сонгуулийн дүнг даруй зарлахыг Сонгуулийн хороонд уриалсан байна.


Засгийн газар улс даяарх интернэтийн сүлжээ болон гадаадын радио, сувгуудыг хэсэгчлэн хаах шийдвэрийг гаргасан байна. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь буруу мэдээлэл тархахаас урьдчилан сэргийлэх зорилготой гэж Засгийн газрын төлөөлөгч мэдээлжээ. 

Холбоотой мэдээ