Сэлэнгийн ихэнх нутгаар энэ сард олон жилийн дунджаас ахиу цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-07 21:31:53

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сард агаарын температурын дундаж нь Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голуудын хөндийгөөр 26-31 градус бусад сумдын нутгаар 18-23 градус хүйтэн буюу уур амьсгалын дунджийн орчим байх төлөв гэж Сэлэнгэ аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.

Сэлэнгэ аймгийн нутгаар нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч чангарч Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Энэ сард орох цасны хэмжээ нь ихэнх сумдын нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх сумдын нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим сумдын нутгаар 12-14 м/с хүртэл ширүүсч зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй.

Холбоотой мэдээ