Г.Ганболд: Манай аймагт 5990 ажлын байр шинээр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-10 11:32:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга бүрэн эрхийн хугацааны эхний 2 жил өнгөрч байна. Энэ хугацаанд аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө хэрхэн анхаарч, ахиц дэвшил гарган ажиллаж байгааг  Засаг дарга Г.Ганболдоос тодруулж ярилцлаа.      

-       Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөр өнгөрөгч 2 жилийн хугацаанд хэр амжилттай хэрэгжив? Төлөвлөсөн хэмжээндээ биелж байна уу?    

-       “Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтууд төлөвлөсөн хэмжээндээ амжилттай хэрэгжиж байна. Саяхан аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний хоёр жилийн хэрэгжилтийг хэлэлцэж, нийт дэвшүүлсэн 4 бүлэг, 73 зорилт, 306 арга хэмжээнд тус бүрээр нь үнэлэлт, дүгнэлт өгсөн. Хуралдаанаар “Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөрийн хоёр жилийн хугацааны хэрэгжилтийг нийт дүнгээр 72.9 хувь, 2018 оны хэрэгжилтийг 95.2 хувь буюу хангалттай хэрэгжиж байна гэж дүгнэлээ.

Хөрөнгө оруулалтын бодлогыг оновчтой, зөв тодорхойлж,  улс, орон нутаг, олон улсын төсөл хөтөлбөрүүдээр орон нутагт хөрөнгө оруулалт сайн хийгдэж байгааг, нөгөө талдаа аймгийн эдийн засгийн гол эх үүсвэр болсон мал аж ахуйн салбар руу чиглэсэн үйлдвэрлэлүүдийг түлхүү хөгжүүлж, ажлын байр олноор нэмэгдүүлж байгааг ИТХ-аас сайшаасан. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа нь ард иргэд, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, бид бүхний хамтын хүчин чармайлт юм. Ирэх 2019, 2020 онуудад үлдэж буй зорилтуудаа хэрэгжүүлэх бүрэн боломж байна гэж үзэж байгаа.

-       Орон нутгийн хөгжил, иргэдийн амьдрал ахуйд бодитой хувь нэмэр оруулж, ахиц дэвшил гаргасан томоохон ажлуудаасаа ярихгүй юу? Ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийнхээ орлогыг өсгөхөд ямар бодлого барьж ажиллаж байна вэ?    

-       Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа иргэдийн санаа бодлыг сонсож, тэдний өмнө тулгамдаж байгаа асуудал юу байна вэ? гэдгийг тодорхойлсон. Иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудал ажилгүйдэл байна. Ажилгүйдлээс үүдсэн ядуурал, ядуурлаас үүдсэн архидалт, архидалтаас үүдсэн гэмт хэрэг гээд нийгмийн сөрөг үзэгдлүүдийн эхлэл ажилгүйдлээс үүсэж байна. Их, дээд сургууль төгссөн ажилгүй иргэд аймгийн хэмжээнд хамгийн их байна. Айл, өрх бүр хүүхдүүдээ боловсролтой болгохыг зорьж, зээл авч, малаа зарж хүүхдүүдээ их, дээд сургуульд сургаж байна. Төгсөж ирсэн хүүхдүүдэд нь ажлын байр олдохгүй байна. Тиймээс бид ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулж ажиллалаа.

Нэгдүгээрт: Орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудын үр дүнд ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого барьж байна.

Хоёрдугаарт: Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж, иргэдээ тогтмол ажлын байртай болох боломжуудыг нээсний үр дүнд сүүлийн 2 жилийн хугацаанд манай аймагт 5990 ажлын байр шинээр нэмэгдлээ. Бид энэ тоог улам өсгөхийн төлөө чармайн ажиллаж байна. Энэ жил аймагт 928 хүүхдийн сургууль ашиглалтад орно. Үүнийг дагаад 100 гаруй иргэн ажлын байраар хангагдана. Түүний 80 хувь нь дээд боловсролтой залуучууд ажилтай болно. Хүүхдийн цэцэрлэг, Хүүхдийн ордон, Спорт заалууд бусад сумдад шинээр цэцэрлэг, сургууль баригдаж байна. Эдгээр хөрөнгө оруулалтын ажлууд ашиглалтад ороход их, дээд сургууль төгссөн залуучууд маань шинэ ажлын байраар хангагдах боломж нээгдэж байгаа.  


-   Манай аймаг сүүлийн жилүүдэд гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлж байгаа. Гадаад хамтын ажиллагааны үр дүнд аймагт үр өгөөжөө өгч байгаа ямар ажлууд байна вэ?

-       Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт гадаад харилцааг эдийн засагжуулах томоохон зорилт тавьсан. Гадаад харилцаа гэдэг бол харилцан улс оронд ирж, очих зүйл биш юм. Үүнийг эдийн засагжуулах нь зүйтэй. Энэ хүрээнд Хятадын томоохон мужуудтай хамтын ажиллагаа тогтоосон. Түүний үр дүн нь махны үйлдвэрүүдээс харагдаж байна. Японы хотуудтай харилцаа тогтоож, хүүхдүүдийг сургах, газар тариаланг хөгжүүлэх чиглэлээр тодорхой үр дүнгүүд гарлаа. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Эзнээ хошууны Цэхээ боомтод Өвөрхангай аймагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүдийг түрээсгүй худалдаалах боломжуудыг нээлээ. Францын Аллиер мужтай хамтарч боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжилтнүүдийг сургаж байна. Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Билл Гейтсийн сангаас 1.0 сая долларын төсөл хэрэгжүүлэх анхны аймаг боллоо. Энэ хүрээнд гэр хорооллын айл, өрхүүдийн жорлонг боловсон болгох төсөл эхнээсээ хэрэгжээд явж байна. Цаашдаа гадаад харилцааг орон нутаг, ард иргэдэд үр ашигтайгаар эдийн засагжуулахад ахиц дэвшил гаргахаар зорин ажиллаж байна даа.

-       Аймагт мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг байгуулсан. Эдгээр үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хэр амжилттай явж байна вэ? Орон нутгаас хэрхэн дэмжиж ажиллаж байна. Цаашид шинээр байгуулагдах үйлдвэрүүд байгаа юу?   

-       Үйлдвэрүүд баригдаж байгаа. Мэдээж хэрэг том үйлдвэрүүдээ эхэлж барих нь зөв юм. Ноосны үйлдвэр баригдсанаар 1 килограмм нь 500 төгрөг байсан ноос өнөөдөр 4000 төгрөг хүрсэн. Нэг килограмм нь 2800 төгрөг байсан махны үнэ  “Махны үйлдвэр”-тэй болсноор өнөөдөр 4500 төгрөг болж өссөн байна. Ноосны үйлдвэрийг түшиглээд жижиг үйлдвэрүүд баригдаж байна.

Махны үйлдвэрийг түшиглээд дайвар бүтээгдэхүүний үйлдвэр ашиглалтад орлоо. Тун удахгүй дулаан аргаар мах боловсруулж, гадаад зах зээлд гаргах үйлдвэр ашиглалтад орно. Үнэгүйдээд байгаа арьс, ширний үнийг өсгөхөд анхаарлаа хандуулж, ирэх жилээс арьс, ширний үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Том үйлдвэрүүдээ түшиглэсэн кластер хэлбэрийн жижиг үйлдвэрүүдийг байгуулж, хөгжүүлэхэд ирэх онд түлхүү анхаарлаа хандуулна. Энэ чиглэлийн бизнес эрхлэх сонирхолтой, бэлэн төсөлтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, хамтарч ажиллана.

-       Малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх, тэдний залуу халааг бэлтгэхэд аймгаас ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-       Аймгийн эдийн засгийн гол суурь болсон мал аж ахуйн салбар Өвөрхангайнхны хувьд амин чухал. Тийм учраас мал аж ахуйн зуншлага, өвөлжилт, хаваржилт, отор нүүдэл, хадлан тэжээл дээр аймаг хамгийн их анхаарлаа хандуулдаг. Халуунд халж, хүйтэнд хөрч, жилийн дөрвөн улиралд зогсолтгүй хөдөлмөрлөдөг малчдадаа мал, махаа харьцангуй боломжийн үнээр, явдал чирэгдэлгүй аймагтаа борлуулах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Мөн мал эмнэлгийн газрыг байгуулж, цаашид сум бүрийг тасагтай болгохоор ажлууд хийгдээд явж байна. Залуу малчдын тоо ховордсон. Тиймээс залуучуудыг малжуулах төсөлд хамруулж, малчдын залуу халааг бэлтгэхэд анхаарч байна.

-       Ирэх 2019 онд Өвөрхангай  аймагт хэр их хэмжээний хөрөнгө оруулалтын ажил хийгдэх вэ?  Хөрөнгө оруулалтыг аль салбарт түлхүү зарцуулах уу?

-       Ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр 45.0 тэрбум, орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 10 гаруй тэрбум, олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулалтууд хийгдэхээр төлөвлөгдөж байна. Манай аймаг ард, иргэд, орон нутгийнхаа өмнө хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудлыг иргэдийн оролцоотой тодорхойлж, тухайн салбар руу хөрөнгө мөнгө зарцуулж, хүн хүч дайчилж, бодитой үр дүн гаргахыг зорьж ажилладаг. Энэ жил иргэдээс амьдрах орчин нөхцөлөө сайжруулах, зам талбайг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг олноор бий болгох саналууд давамгайлж ирсэнтэй уялдууж, иргэдийн эрүүл, аюулгүй, тохилог орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас  2019 оныг “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгох саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, дэмжигдлээ. Энэ чиглэлээр зорилтот жилийн ажлыг удирдан зохион байгуулах аймгийн хороог байгуулан, хийх ажлуудаа төлөвлөж, шинэ оны гараагаа эхлүүлэхээр ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ