Баян-Өлгийд Сум хөгжүүлэх сангийн зээлийн 70 хувь нь хугацаандаа эргэн төлөгдөөгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-10 15:33:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт 2011-2018 оны хооронд Сум хөгжүүлэх сангаас 1804 төсөлд 6,7 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгосноос 70 хувь нь эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн байдалтай байна.

Үүнээс 235 зээлдэгчид хамааралтай 767,4 сая төгрөгийн асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн,  554 зээлдэгчийн 1,9 тэрбум төгрөгийн асуудал шүүхийн шатанд байгаа бол идэвхтэй буюу төлбөрийн гэрээ нь дуусаагүй зээлдэгч 1141, хэвийн зээлдэгч 274 байна.

Эргэн төлөлт хангалтгүй байгаа нь зээлийг анх олгохдоо буцалтгүй хэмээн олгосон, амьжиргааны түвшин доогуур хүмүүст өгсөн, эргэн төлөлтийн явцад тавих хяналт сул, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн явц удаан, зээлээ хугацаанд төлөөгүй хүмүүсийг журмын дагуу нэн даруй шүүхэд өгөөгүй зэрэг хүчин зүйлстэй холбоотой аж.

"Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-д зааснаар нийт олгосон зээлийн 20 хувь нь эргэн төлөгдсөнөөр дараагийн хүмүүст зээл олгох нөхцөл бүрдэнэ. Гэвч эргэн төлөлт дээр дурдсан хэмжээнд хүрээгүй тул Баяннуур, Булган, Буянт, Булган, Дэлүүн, Сагсай, Улаанхус сумаас бусад сумууд 2018 онд шинээр зээл олгоогүй, Өлгий сумын хувьд ойрын хугацаанд олгохоор ажиллаж байна.

Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, журамд заасныг зөрчиж төсөл сонгон шалгаруулсан, төслийн хэрэгжилтэд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллаагүй болох нь эрх бүхий этгээдийн хяналт шалгалтаар тогтоогдсон бол тухайн сумын Засаг дарга, холбогдох бусад албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, санд учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан барагдуулах журамтай. Гэвч тус аймагт Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн асуудлаар холбогдох хүмүүст хариуцлага хүлээлгэсэн талаар мэдээлэл байхгүй байна.

Зээлийн эргэн төлөлт хангалтгүй байгаатай холбогдуулан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Сум хөгжүүлэх сангийн мэдээллийг Монголбанкны мэдээллийн сантай холбохоор болжээ. Одоогийн байдлаар сумдыг холбогдох программаар хангасан ба уг ажлыг энэ оны эхний улиралд багтаан хэрэгжүүлэх ажээ.

Холбоотой мэдээ