Трампын охиныг ДБ-ны ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшүүлж магадгүй

Дэлхийн мэдээ | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-01-12 11:17:11

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп болон АНУ-аас НҮБ-д суугаа  байнгын төлөөлөгчийн албанаас саяхан огцорсон Никки Хейли нарыг Дэлхийн банкны /ДБ/ ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх боломжийг тус улсын засаг захиргаа судалж байгаа тухай Financial Times сонин баасан гарагт мэдээлжээ. 


Тус сонины эх сурвалжуудын мэдээлснээр,  Цагаан ордон дээрх нэр дэвшигчдээс гадна Олон улсын хөгжлийн агентлагийн захирал Марк Гринийг судалж байгаа аж. Трампын засаг захиргаа АНУ-ын Сангийн сайдын олон улсын хэрэг эрхэлсэн орлогч Дэвид Мэлпасыг энэ албан тушаалд нэр дэвшүүлж магадгүй гэж The Daily Caller цахим хэвлэл урьд нь мэдээлж байжээ. Тэрбээр консерватив үзэл бодлоороо олны дунд алдартай байна.


Америкчуудад хөгжиж буй орнуудаас өрсөлдөгчид гарч ирж магадгүй гэж Financial Times сонинд онцлон тэмдэглэжээ.  Тухайлбал, Нигери улсын эдийн засагч Нгози Оконьо-Ивевале, Африкийн хөгжлийн банкны ерөнхийлөгч асан, Руандагийн эдийн засагч Дональд Каберук, Индонезийн Сангийн сайд Сри Мульяни Индравати нар аж.


ДБ-ны ерөнхийлөгч Жим Ён Ким хоёрдугаар сарын 1-нээс албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн билээ. Одоогоор тус банкны гүйцэтгэх захирал Кристалина Георгиева ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байгаа юм.


Холбоотой мэдээ