Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг баасан гарагт шүүнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-14 15:34:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хотын дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд ирэх баасан гарагийн 11.00 цагт болно.

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн оны 12 дугаар сард тэдний хэргийг яллах дүгнэлт үйлдэн шилжүүлснийг шүүх хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгийн дээрх товыг гаргасан байна.

Хотын дарга асан Э.Бат-Үүл, НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, "ТОСК" ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал, Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг нар нь албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал олгосон, Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх хэрэгт холбогдуулан өнгөрсөн хугацаанд шалгасан юм.

Тодруулбал, Б.Чулуудайн захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 япи үрэти худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Түүний авсан зээлийг төлөхөөр Хотын дарга асан Э.Бат-Үүл нь эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалттай хөрөнгөөс есөн тэрбум төгрөг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулжээ.

Холбоотой мэдээ