Хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоох хүсэлт хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-14 20:46:22

            Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний гаралт их байгаатай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай хүсэлтийг энэ сарын 11-ний өдөр хүргүүлсэн байна.

            Өнгөрсөн долоо хоногт хийсэн тандалт судалгаагаар тус аймгийн нийт 44 хүүхдийн цэцэрлэгт хамрагдвал зохих 5548 хүүхдийн 31,5 хувь нь цэцэрлэгтээ иржээ. Үлдсэн 68,5 хувь нь буюу 3798 хүүхдийн ирээгүй байгаа шалтгааныг тогтооход 1974 буюу 35,6 хувь нь гэртээ томуу, томуу төст өвчтэй байгаа, 1824 хүүхэд буюу 32,9 хувь нь бусад шалтгааны улмаас цэцэрлэгтээ ирж чадахгүй байгаа хэмээжээ.

          Харин аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хандсан үзлэгийн тооноос харахад аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нийт үзлэгийн 6,7 хувийг эзэлсэн байна.

              Албаны хүний мэдээлснээр салбарын яамнаас дээрх хүсэлтэд хараахан хариу өгөөгүй аж. 

Холбоотой мэдээ