Баян-Өлгийд хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-15 16:43:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний гаралт их байгаатай холбогдуулан хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай хүсэлтийг энэ сарын 11-ний өдөр  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл тус аймагт өчигдрөөс буюу энэ сарын 14-ний өдрөөс хүүхдүүдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Гэхдээ салбарын яамнаас албан ёсны зөвшөөрөл хараахан ирээгүй байгаа гэнэ.

Цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа хэзээнээс хэвийн үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. 

Дашрамд дурдахад, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 тоот тушаалын дагуу амбулаторийн үзлэгийн 15 хувийг томуу, томуу төст өвчин эзлэвэл хөл хорио тогтоож, цэцэрлэг, сургууль болон олон нийтийн үйл ажиллагааг хязгаарладаг аж. Тус аймгийн хувьд энэ сарын эхний долоо хоногийн тандалт судалгаагаар амбулаторийн үйлчилгээ авсан нийт 3153 хүний 6.7 хувиас нь томуу, томуу төст өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Харин цэцэрлэгт хамрагдвал зохих 5548 хүүхдийн 31,5 хувь нь цэцэрлэгтээ ирээд байгаа бөгөөд ирээгүй хүүхдүүдийн 35,6 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчлөн гэртээ байгаа ажээ. 

Холбоотой мэдээ