УИХ хүчингүй болсон тогтоолыг сэргээн батлаагүй гэж дүгнэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-16 19:11:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Их суудлын хуралдаанаар, өмнө нь хүчингүй болсон сонгуулийн тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэх маргааныг хэлэлцэж, үгүйсгэв.

Хуралдаанаар, “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй” гэсэн  заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалттай агуулгын хувьд ялгаатай байна гэж үзжээ. Тиймээс УИХ хүчингүй болсон тогтоолыг агуулгаар нь дахин сэргээсэн зүйл байхгүй аж.

Сонгуулийн тухай хуулийн дээрх зохицуулалтаар сонгуулийн зардлын хяналт, нээлттэй, ил тод байдлын үндсийг тогтоон санхүүжилт, зардлын тайлан гаргахыг шаардаж улс төрийн намын санхүүгийн үйл ажиллагааг хөндлөнгийн хяналттай, хариуцлагатай болгож, сонгуулийн тэгш, шударга байдлыг баталгаажуулах хууль зүйн баталгааг бүрдүүлсэн байна. Мөн энэ заалт нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохицуулалт болсон байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлээ.

Харин Үндсэн хуулийн цэцийн 2010 оны тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалт нь зорилгын хувьд зөвхөн нам, эвслийг сонгуульд бүртгэхтэй холбоотой харилцааг зохицуулж байсан ба сонгуульд оролцсон нам, эвсэл сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол дараа дараагийн хэдэн ч удаагийн сонгуульд оролцуулахгүй байж болох тодорхой бус үргэлжилсэн үр дагаврыг үүсгэхээр байв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Холбоотой мэдээ