Ч.Лодойхүү: Манай багт гэрийн төрөлт, нярайн эндэгдэл гараагүй

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-01-17 12:15:39

  Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Тариалан сумын Мянган багийн эмч Ч.Лодойхүү энэ жилийн ажлын амжилтаараа “Байгууллагын аварга эмч”-ээр шалгарсан байна. Энэ тухай түүнээс тодрууллаа.

-Юуны өмнө багийнхаа талаар танилцуулаач?

-Манай баг 147 өрх, 628 хүн амтай. Багийн төв маань 45 км-т оршдог. Сумын төвөөсөө 25-60 км-ын алсад малчид маань нүүдэллэж нутагладаг. Манай баг өндөр уулын бүсэд оршдог тул унаа машинаар явахад зам харгуй бэрх. Өвлийн цагт ихэнхдээ мориор голдуу явдаг. Даралт ихсэх, хоол боловсруулах эрхтэн системийн эмгэг зэрэг өвчин манай багийнханд элбэг тохиолддог.

-Багийн эмчээр хэдэн жил ажиллаж байна?

-Нийтдээ 17 жил багийн эмчээр ажиллаж байна. Өмнө нь Бургастай багт эмчээр ажиллаж байсан. Сүүлийн 3 жилд Мянган багийн эмчээр ажиллаж байна. Багийнхаа ард иргэдийг аливаа өвчин эмгэгт өртүүлэхгүй байхын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн, багийн эргэлтийг тодорхой хэмжээнд хийж ирсэн. Тухайлбал, хөх, умайн хүзүүний хавдар, чихрийн шижин, артерийн даралт ихсэх өвчний урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлдэг.

Өнгөрсөн оны 6-р сард багийн эмч нарыг шинэ мотоцикльтой болгосон. Ингэснээр багийн эргэлтийг цаг тухайд хийж ирсэн. Энэ бүхний үр дүнд 2018 онд манай багт гэрийн төрөлт, нярайн эндэгдэл, 0-5 хүртэл насны хүүхдийн эндэгдэл гараагүй амжилтаар “Байгууллагын шилдэг эмч” болсондоо баяртай байна.

-Танд баярлалаа. Ажилд нь улам их амжилт хүсье.

Холбоотой мэдээ