Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь залуус байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-18 16:16:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх буюу 40 гаруй хувь нь 18-29 насны залуус байгааг Цагдаагийн байгууллагаас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.

Тус хэвлэлийн хурлаар өнгөрсөн онд үйлдэгдсэн гэмт хэрэг,  цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.



ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, хурандаа О.Зоригт, “Цагдаагийн байгууллага өнгөрсөн онд 621 мянга гаруй дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Эдгээрийн 33.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй байсан. Улсын хэмжээнд 36 220 гэмт хэрэг бүртгэсэн бөгөөд энэ нь 2017 оныхоос 12.3 хувь, нийслэлийн хэмжээнд 16.9 хувиар өсчээ. Гэмт хэргийн 22.4 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж байна.

Гэмт хэргийн хэлбэрээр нь авч үзвэл, өмчлөх эрхийн эсрэг буюу хулгайн, хүний эрүүл мэндэд халдсан хэргүүд дийлэнх хувийг эзэлжээ. Нийт 16 389 хүн гэмт хэрэгт холбогдсон нь өмнөх оныхтой харьцуулахад 9.6 хувиар буурсан. Дээрх хүмүүсийн 2218 буюу 13.5 хувийг эмэгтэйчүүд эзэлсэн бол, 41.5 хувь нь 18-29 насны залуус байна.

Гэмт хэргийн улмаас 57 хуулийн этгээд, 33 мянга гаруй иргэн хохирсон байна. Үүнээс 934 хүн нас барж, 9283 хүн гэмтжээ.

Иргэн хуулийн этгээдэд учирсан 193.3 тэрбум төгрөгийн хохирлын 16.8 хувийг нөхөн төлүүлж, 13 сая орчим  төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн. Улсын хэмжээнд нийт зөрчил гаргасан нэг сая 649 мянга гаруй иргэн, 448 хуулийн этгээдийг 60.3 тэрбум төгрөгөөр торгож, 11 мянга орчим хүнийг баривчлах, 26 мянган хүний торгох, жолооны эрх хасах арга хэмжээ авсан. Албадан эмчилгээнд 396, сайн дурын эмчилгээнд 3252 хүн хамрагджээ. Энэ нь албадан эмчилгээнд хамрагдсан иргэн 8.1 хувиар буурч, сайн дурын эмчилгээнд хамрагдсан хүн 21.9 хувиар өссөн байна” гэв.



ЦЕГ-ын УСХ-ийн дарга Г.Арсланхуяг, “Дээрх гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, түүнээс урьдчилан сэргийлэх тодорхой ажлуудыг хийнэ. Өнгөрсөн жилийн хувьд ч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд тодорхой ажлуудыг хийсэн. Тухайлбал, өнгөрсөн онд Хүүхэд хамгаалал, Бяцхан зорчигч, Цахим орчинг зөв болгоё, “Unfriend” зэрэг хүүхдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийсэн. Энэ хүрээнд  хүүхдийн, гэр бүлийн хүчирхийллийн, байгаль орчны, замын хөдөлгөөний зэрэг тодорхой гэмт хэргүүд буурсан. Олон нийт, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл сурталчилгааны ажлыг голчлон хийж байна. Учир нь иргэд эрх зүйн мэдлэггүй, гэмт хэргээс учрах хохирлыг танин мэдэхгүйгээс анхаарал нь суларч гэмт этгээдийн өгөөш болж байна.

Сар шинийн баярын үеэр иргэд гэр орноо эзэнгүй орхиж явах тохиолдол гардаг. Энэ үеэр хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байдаг. Тиймээс баярын өдрүүдэд цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Түүнчлэн баяр дөхсөнтэй холбогдуулан цагдаагийн алба хаагчид илүү цагаар ажиллаж байна” хэмээв.


Гэрэл зургийг: Т.Чимгээ

Холбоотой мэдээ