“Хөгжлийн гүүр” төв англи хэлээр дамжуулж, хүүхдүүдээ амьдрах ухаанд сургахыг чармайдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-22 10:46:51
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн төвд “Хөгжлийн гүүр” сургалтын төв үүд хаалгаа нээж, англи хэлээр дамжуулан хүүхэд залуучуудын амьдрах ухаанд сургах, сайн дурын ажилд уриалан дуудах, нийгэмд оролцох оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тус төвийн захирал, англи хэлний багш Ж.Нарангаравтай түүний үүсгэн байгуулсан төвийн үйл ажиллагааны талаар хийсэн ярилцлагыг  толилуулж байна.

- Та анх Хүүхдийн байгууллагад ажиллаж байсан. Төрийн албан хаагч байж байгаад, ажлаасаа гараад “Хөгжлийн гүүр” төвийг нээн ажиллуулж байна.  Ер нь ямар нэг ажлыг шинээр хийх, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд маш хүнд байдаг шүү дээ. Энэ төвийг нээх хүсэл эрмэлзэл хэдийнээс төрөв, ямар замыг туулж байж, энэ амжилтад хүрээ вэ?

- 2005 онд сургуулиа төгсөөд Хүүхдийн байгууллагад 10-аад жил ажилласан. Энэ хугацаандаа сайн дурын ажилтнуудтай нэлээд хамтран ажиллаж байсан нь нөлөөлсөн байх. Ер нь янз бүрийн сайн дурын ажлуудыг санаачлан хийдэг байсан л даа.

Би өөрөө Хүүхдийн байгууллагад ажиллаж, хажуугаар нь аймгийн Скаутын холбооны удирдагч багш байсан учраас өсвөр үеийн хүүхдүүдийг хөгжүүлэх, чадавхжуулахын тулд тэдэнд хэрэгцээтэй орчинг бий болгохыг чин сэтгэлээсээ хүсч байсан ч арга замаа төдийлөн олохгүй л явдаг байлаа.

2006 онд анх хүүхдүүдэд гаднаас ном авч ирэх талаар Энхтайвны корпусын ажилтнуудтайгаа ярилцдаг байсан. Тэгээд 2008 онд ”Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ” ТББ-аас хүсэлт явуулж Азийн хөгжлийн сангаас 50 ширхэг англи ном авч ирэн, Хүүхэд залуучуудын төвийн хүүхдийн танхимд байрлуулаад байтал манай сайн дурын ажилтан Меган “энэ 50 ном хүүхдүүдэд арай хүнд, ахисан түвшний номнууд байна” гээд, Америк руу ээждээ хүүхдийн ном захиж, түүний ээж 100 гаруй англи хэлний ном цуглуулаад бидэнд илгээж байлаа.

Англи хэлний энэ номнуудыг хүүхдүүд уншиж чадахгүй ч гэсэн зургийг нь үзээд, үйл явдлыг нь ойлгоод маш их сонирхож байгааг хараад энэ маш их хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.

Тэгээд 2008 оны хавар Иргэний нийгмийн байгууллагуудын шугамаар Өвөрхангай аймгийн төвд туршлага судлах ажлаар  явж байхдаа тус аймгийн төвд “Book bridge” буюу “Номын гүүр” англи хэлний номын сан байгуулсан нэгэн ТББ-аар зочилж, тэдний түүх, номын сангаа нээсэн арга зам, үйл ажиллагаатай нь танилцаад ерөөсөө л өөрийнхөө хайгаад байгаа, хүсээд байгаа зүйлээ тэндээс олж авсан.

Тэр л надад маш их урам зориг өгч, хүсэл мөрөөдөлдөө хүрэх гүүрийг тавьж өгсөн гэж болно.  

“Book bridge”-ийг анх үүсгэн байгуулсан Германы скаут Карстон хэмээх залуу (тэр үед хүүхэд байсан) Монгол Улсаар аялж явахдаа монгол хүүхдүүд өөртэй нь харьцах маш их хүсэл эрмэлзлэлтэй байгаа хэдий ч хэлний бэрхшээл байгааг мэдэрч, туслах зорилгоор Английн скаутын байгууллагад хандаж, сайн дураараа ном цуглуулаад 10 000 ширхэг номыг Өвөрхангай аймгийн төвд авчирч, дээрх номын санг 2009 онд байгуулж байсан түүх байдаг.

-       Хүсэл мөрөөдлөө олж мэдрээд төвөө байгуулахаар сэтгэл шулуудсан уу?

-Хүсэл мөрөөдлөө олж авсан би гэдэг хүн 2010 онд сайн дурын ажилтантайгаа нийлээд Хүүхдийн төв дээрээ номын санг байгуулъя гэж “Book bridge” буюу “Номын гүүр” санд хүсэлт гаргасан. Тус сангаас төрийн байгууллагад хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжгүй, хөтөлбөр шинэчлэгдэж байгаа гэсэн хариу ирж, 2 жилийн дараа дахин хүсэлт гаргахад хөтөлбөрөө төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн.

Тэгээд  ТББ-ынхаа шугамаар хүсэлтээ гаргасны дагуу 2016 онд  манай аймагт “Номын гүүр” төвийг нээхээр болоод би ч түүндээ бүх анхаарлаа чиглүүлсэн дээ. “Номын гүүр” хөтөлбөр нь “21-р зууны ур чадварыг Монголын өсвөр үеийнхэнд олгоно” гэсэн зорилготой, түүндээ чиглэгдсэн үйл ажиллагааг явуулахдаа орон нутгийн онцлогт түшиглэн хэрэгжүүлдэг нь надад маш их таалагдсан. Хэн хүсч байна, тэр хүнийг дэмжинэ гэсэн зарчмаар ажилладаг.  

Аймагтаа 8 залууг цуглуулан төслийн багаа байгуулж, уулзалт зохион байгуулж, дараа нь Европт бас 16 хүнтэй төслийн баг бүрдэж, бид хамтраад төслөө бичсэн. Энэ үйл ажиллагаанд 4 сарын хугацааг зарцуулсан байдаг. Тэгээд 2016 оны 7 сарын 15-нд төслөө бичиж дуусгаад санхүүжүүлэгчид хайж, 20,000 долларын хүүгүй зээл авахаар болсон.

Хүүгүй, барьцаагүй зээл гэдэг нь үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байгаа бид нарт маш том дэмжлэг байсан. Түүгээр бид одоо үйл ажиллагаа явуулж байгаа байрныхаа бүх засварыг хийж, тохижуулсан.

-Нээлтээ намар хийж байсан санагддаг. Эхнээсээ үйл ажиллагааны чиглэл нь англи хэлний сургалтын төв байсан уу?

-Анх бол сургалтын төв гэхээсээ илүү хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг, хөгжих орчинг бий болгоно гэж бодож байсан. Тэгээд үйл ажиллагаагаа эхлүүлээд хүүхдүүдэд яг юу хэрэгтэй байна гээд судлаад явсан чинь тэд нарт англи хэл сурах, номын сантай болох, хэл сурах боломжийг олгодог төв хэрэгтэй байна гэсэн хэрэгцээ гарч ирсэн учраас англи хэлийг хөгжүүлэх тал руугаа илүү чиглэсэн.

“Номын гүүр” хөтөлбөрийн маань нэг гоё дэмжлэг нь заавал дээрээсээ тэг, ингэ, тийм байх ёстой гэсэн шаардлага тавьдаггүй, хамгийн гол нь өсвөр үеийнхэнд амьдрах ухааны суурьтай чадварууд олгож, түүгээрээ дамжуулаад хэлнийх нь чадваруудыг нэмэгдүүлэхэд л чиглэгдэж байдаг.

Манай төв дээр одоо англи хэл, шатар, сампин гээд төрөл бүрийн сургалтууд явдаг. Англи хэлний сургалт 4 ангитай. Сургалтуудаа хүүхдүүдэд мэдлэгээс илүү ур чадвар олгоход чиглүүлдэг. Өөрөөр хэлбэл хүүхдүүд харилцаа, байгаль орчноо хамгаалах, өөрөө өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах гээд маш олон ур чадваруудыг англи хэлээрээ дамжуулан олж авах учиртай.

Монгол Улсад одоогоор 12 дахь аймагт ийм төв нээгдээд байна. Аймгуудын Хөгжлийн төвийн ажилтнууд жилдээ 2 удаа уулзалддаг. Энэ үеэр бид туршлагаа солилцож, үйл ажиллагаагаа дүгнээд, мөн төвүүдийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулдаг. “Book bridge” Олон улсын байгууллагаас бид нарт сургалтын ямар л хэрэгцээ байна, тэрний сургалтын төлбөрийг нь төлж сургадаг учраас энэ бол маш том дэмжлэг байдаг.  Бид заавал тэр сургууль дээр очиж сурах албагүй, онлайнаар сурах боломжтой. Би Олон улсын хэмжээнд англи хэл заах эрх авахын тулд Авизоны их сургуульд одоо сурч байгаа.

-Аймгийнхаа  “Хөгжлийн гүүр” төвийн онцлог, үйл ажиллагааг илүү танилцуулна уу?

-Би өөрөө 2006 оноос хойш л Скаут хүүхдүүдтэй ажиллаж байгаа учраас Скаутын үйл ажиллагаандаа илүү тулгуурлан явуулдаг. Энэ  нь манай “Хөгжлийн гүүр” төвийн маань онцлог гэж хэлж болно. Хүүхдүүдийг амьдрах ухаанд сургах, байгальд илүү хайртай болгох, гялгар уутыг хэрэглэхгүй байх, даавуун уутыг сурталчлах, нэг удаагийн усны савнаас татгалзах, бид байгальд ямар ул мөр үлдээдэг вэ, өөрсдөө яаж бие дааж амьдрах вэ гээд олон төрлийн үйл ажиллагаа, хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ скаутын арга зүйд тулгуурладаг.

Манай төвийн нэг давуу тал нь үйл ажиллагаагаа өөрийн байранд явуулдаг, өрөө байр хангалттай. Миний нэг зорилго бол эхний 3 жилдээ ямар ч байсан эхнээсээ авсан шавь нарынхаа амжилтыг үзэх, тэд нарынхаа үр дүнг харахыг хүсч байгаа. Гол нь дүнг ахиулах ч гэдэг юм уу, тоон дээр нэг их анхаарал хандуулдаггүй, чанараа илүү харж ажилладаг.

Анх манай сургалтын төв 24 хүүхэдтэй эхэлсэн, сая 2 анги нэмж нээгээд 34 хүүхэдтэй явж байгаа. Тэгээд яг энэ хүүхдүүдтэйгээ 2 жил явж байгаа гэсэн үг.

Миний нэг хүсэн хүлээж байгаа зүйл гэвэл манай сургалтын төвд явж байгаа хүүхдүүд бусад хүүхдүүдээс илүү чадварлаг, мэдлэг боловсролтой байхаас илүү амьдрах ухаанд суралцсан байх ёстой. Мэдээж англи хэлний түвшин нь бол академик түвшиндээ өсч байгаа, жилийн дараа гэхэд угаасаа хүүхдүүдийн маань ярих, унших, орчуулах чадвар бол нэлээн ахисан байна гэж харж байгаа.

Бас нэг бодож байгаа зүйл бол “Хөгжлийн гүүр”-ийн хүүхдүүдээ зөв, хүмүүжилтэй болгохыг зорьдог. Эцэг эхчүүдийг ч гэсэн хүмүүжлийн эерэг аргад сургаж, тэдэнтэй хамтран хүүхдүүдээ хүмүүжилтэй сайн хүн болгоход манай хөгжлийн төв голлох үүрэгтэй байх ёстой гэж боддог.

Байгууллагын маань төв нь Швейцарт байдаг. Номнуудыг бол Английн скаутууд цуглуулж явуулдаг. Тийм болохоор манай хүүхдүүд олон орны хүүхдүүдтэй хүртэл найз болох тэр боломжийг “Book bridge” бидэнд олгож байгаа юм.   

-Залуучуудын бүлэг, клубууд ажиллуулж, тэд нартай хамтраад сайн дурын ажлууд нэлээд хийдэг. Сая шинэ жилээр гэхэд л “Хариуцлагатай залуу-манлайлагч клуб” архигүй шинэ жил тэмдэглэж, хүүхдүүдэд сайн дураараа бэлэг тарааж байсан?

-Англи хэлний сургалтаас гадна Залуучуудын клубын үйл ажиллагааг бид нар маш их дэмжиж хамтарч ажилладаг. Манай дээр “Залуучуудын хуримтлал”, “Хариуцлагатай залуу-манлайлагч клуб”, “Ухаалаг ээжүүд” гээд залуучуудын нэгдэл үйл ажиллагаагаа явуулдаг. Тэр залуучуудыг бас одоогийн өсвөр үеийнхэнд илүү зөв үлгэр дууриал үзүүлэх залуучууд гэж ойлгодог. Тиймээс шинэ жилээ архигүй тэмдэглэсэн. Сайн дураараа бэлэг цуглуулж, цаасан уутанд хийгээд гудамжаар явж, 150 гаруй хүүхдэд өвлийн өвгөний бэлэг өгсөн. Энэ нь цаад утгаараа нийлэг уутыг халах, хүүхдүүдэд ямар нэг байдлаар ялгаваргүй хандах хэрэгтэй гэсэн мессежийг хүмүүст өгөх гэж зорьсон юм.

Өмнө нь манай төв 14, 15 насны өсвөр үеийн хүүхдүүдтэй илүү их ажилладаг байсан. Тэр хүүхдүүд сургуулиа төгсөж яваад эргэж ихэнх нь ирдэггүй. Тэгэхээр одоо орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа залуучуудаа бид хөгжүүлж чадах юм бол өнөөдрийн өсвөр үеийнхэнд илүү үлгэр жишээ болно гэж боддог. Тийм учраас тэр залуучуудыг нэгтгэн, тэдэнтэй хамтран сайн дурын ажил хийх, нийгмийн үйл ажиллагаанд уриалан дуудах зэрэг ажлуудыг түлхүү хийдэг.  

-“Book bridge”-ийн 10 жилийн ой энэ жил тохиох юм байна, ойгоо угтаж ямар ажлуудыг хийх вэ?

-Энэ жил бол бид нарын хувьд өвөрмөц жил болж байгаа. Яагаад гэвэл манай 10 жилийн ой болно. “Book bridge” Олон улсын байгууллага маань анхны төвөө Өвөрхангайд нээсэн учраас Монголоос эхтэй гэж үздэг. Тиймээс 9 дүгээр сард ойгоо Өвөрхангай аймагт тэмдэглэхээр бэлтгэж байна. Ер нь бол Шри Lанк, Кампучи гээд хөгжиж байгаа орнуудад ч ийм төвүүд нээгдэж байгаа. 10 жил гэдэг бол маш их хөдөлмөр, тиймээс бид нар энэ 10 жилээрээ маш их бахархаж байгаа. Хүүхдүүд маань ч гэсэн их баяртай байгаа. 7 дугаар сараас эхлээд “Book bridge”-ийг үүсгэн байгуулагч, санхүүжүүлэгчид гээд 30 гаруй хүн ойдоо ирж оролцохоор бүртгүүлчихсэн байгаа.

Энэ зундаа англи хэлний сургалтаа зуслан дээр явуулна. Сүүлийн 2 жилд зуны сургалт хийж байгаа. Энэ үеэр англи хэлний сургалтаас гадна хүүхдүүдийг багаар ажиллуулах, тэднийг сайн дурын ажилд уриалах, амьдрах ухааны, жишээлбэл яаж мэтгэлцээний урлагт суралцах вэ?, харилцаа, шийдвэр гаргах гээд сургалтуудыг давхар явуулдаг.  

Мөн өвөлдөө бүх аймгуудынхаа хүүхдүүдийг оролцуулаад Англи хэлний их наадам гэж хийж хэвшээд байгаа. Энэ үйл ажиллагаа нь аймгуудынхаа хүүхдүүдийг хооронд нь танилцуулах, харилцаа холбоо, сүлжээг бий болгоход чиглэгддэг, мөн хүүхдүүд маань англи хэл сурч байгаа баяраа хамтдаа тэмдэглэдэг.

-Танай “Хөгжлийн гүүр” төвийн номын сан хичнээн номтой болж байна, танай үйлчлүүлэгчид ямар хүмүүс байдаг вэ?

-Манай аймгийн “Хөгжлийн гүүр” сүүлд байгуулагдсан төвүүдийн нэг болохоор номнууд маань маш гоё шинэ номнууд байдаг. Илүү бага насны хүүхдүүдэд зориулсан зурагтай, өнгө будаг сайтай, материал нь бөх, сэтгэмж нь үнэхээр гайхалтай өвөрмөц гэж болно. Зарим хүүхдүүд ирээд манай номнуудыг үзээд “Хөөх ямар гоё ном бэ, амьдралдаа ийм гоё ном анх удаа л үзэж байна” гэдэг. Номын фондонд 3000 орчим англи ном байгаа. Сүүлийн жилүүдэд номын клуб ажиллуулахын тулд монгол номын фондтой болох ёстой юм байна гээд монгол номнуудаа бага багаар цуглуулж эхэлж байна.

Энэ жил хажуудаа өсвөр насныханд зориулсан ном уншингаа тухлаад, цай, кофе уугаад сууж байх орчин бүрдүүлэх зорилгоор Coffee shop нээхээр ажиллаж байна. Хүүхдүүдэд өөрсдийн гэсэн орон зайгаа бүрдүүлж, ярьж, дуртай зүйлээ хийж, цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх тийм орчин ховор юм шиг санагддаг.

Номыг маань одоогоор ахлах ангийн хүүхдүүд, сургалтын төвийнхөн л уншдаг. Сургуулийн дунд ангийн хүүхдүүдийн хувьд ном уншаад, тэмдэглэл хөтлөх чадвар нь арай л дутмаг байх шиг байна. Манай төвийн хүүхдүүд номыг хангалттай уншиж байгаа. Тэгээд гэртээ тэмдэглэл хөтлөөд, ямар ямар ном уншсан, хэдэн ном уншсан, хэн хамгийн олон ном уншсан гээд төрөл бүрийн уралдаан тэмцээн, аян өрнүүлдэг.

Бас сургуулиуд руу очиж номоороо үзэсгэлэн гаргаад танилцуулах өдөрлөгүүдийг зохион байгуулдаг. Энэ жил ойрын зарим сумдууд руу очиж, сумдын хүүхдүүдэд бас танилцуулах гэж бодож байна.

-Англи хэлнийхээ ангид хүүхдүүд нэмж авах уу, өөр олон хүүхдийг сургавал зүгээр юм байна?

-Энэ жилээс манайх нэг туслах багштай болж багйаа. Тиймээс хүүхдийнхээ тоог дахиад өсгөх боломжтой болно. Яг 2 жил явчихсан хүүхдүүд дээр дахиад нэмж хүүхэд авах боломжгүй. Яагаад гэвэл тэд нарын үгийн сан, дүрмийн мэдлэг, өөрсдийнх нь дадал хэвшлүүд хамаагүй өөр түвшинд хүрчихсэн байдаг. Тийм учраас нэг анги нэмж нээхдээ шинэ хүүхдүүд авдаг. Хичээлийн дундуур ерөөсөө хүүхдүүд нэмж авдаггүй. Ирэх жилээс бага ангийн хүүхдүүдийн анги нээнэ.

Манай эцэг эхчүүдийн нэг буруу ойлголт байдаг. Хүүхдээ маш хурдан хугацаанд шахаж, хэл сургах гэж яардаг, бас хүүхдүүдээ олимпиад, уралдаан тэмцээнд заавал өндөр дүн авах ёстой гэж тулгадаг. Гол нь хүүхэд хэлийг хэрэглээ болгож чаддаг болох нь чухал болохоос, өндөр дүн авах нь тийм ч чухал биш шүү дээ. Богино хугацаанд сурсан мэдлэг бол чадвар болж ерөөсөө чаддаггүй, дороо мартагддаг. Урт хугацаанд дадал хэвшил бол байж л чадвар болж үлддэг гэж боддог. Хэл өөрөө харилцааны хэрэгсэл учраас байнгын давтамжтай хэрэглэж байж л сурна. Зарим ээж аавууд 2 сар явуулаад л хүүхдээ мундаг хэлтэй болгочихно гэж ирдэг. Тэгэх боломжгүй гэдгийг эхлээд сайн ярилцаж ойлгуулахыг хичээдэг.

-12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдийг ЭЕШ-д бэлтгэдэг үү, хир зэрэг амжилт үзүүлсэн бэ?

-Манайх ЭЕШ-д 2 жил хүүхдүүдээ бэлтгэж, 2 анги төгсгөсөн. Нэг ангидаа 4 хүүүхэд л авдаг. Манай төв өөрөө шинэхэн, тиймээс олон хүүхэд авч бэлтгээгүй. Эхний жил 6, дараа жил нь 4 хүүхэд бэлтгэж оруулсан, энэ жил бас 4 хүүхэд бэлтгэж байгаа. Тэд нар маань бүгдээрээ хангалттай оноогоо авсан.  

Бид дараагийн үетэйгээ холбоо үүсгэхийн тулд л ингэж ЭЕШ-д хүүхдүүдийг бэлтгэж, энэ ангийг хичээллүүлээд байгаа юм. Гол нь манай хүүхдүүд өндөр оноо авахдаа чухал биш, англи хэлийг өөрийнхөө амьдралд хэрэглээ болгож, англи хэлэнд дурлах ёстой гэдэг зарчмыг баримталдаг. Одоо төгсчихсөн хүүхдүүд маань англи хэлний багш болно, би зун жуулчны хөтөч хийнэ гэж ярьж байгаа. Тэд нар маань өөрийн гэсэн зорилготой, тэрэндээ хүрэхийн төлөө чармайж байгаа нь надад их сайхан санагддаг.

Сүүлийн жилүүдэд манай аймгийн хүүхдүүдийн англи хэлний ЭЕШ-ын оноо улсын дунджаас доогуур шалгагдаж байна. Тиймээс энэ жил хүүхдүүдээ илүү өндөр үнэлүүлж, аймгийнхаа түвшинг бага ч гэсэн ахиулахын тулд чармайж байна.  

 

Холбоотой мэдээ