БОАЖЯ-наас гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2019-01-20 17:36:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас Африкийн гэгдэх гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг гаргаж, нийслэлийн бүх дүүрэг, 21 аймгийн Засаг дарга нарт хүргүүлээд байна. Дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд:

  • Зэрлэг гахайн тархац нутгуудад зорилтот, төлөвлөгөөт тандалт хийх,
  • Амьд гахай, түүний гаралтай мах, өөх, түүхий эд, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг хориглох, хорио цээрийг чангатган бэлэн байдлыг хангах,
  • Хил, гаалийн байгууллагуудтай мэдээлэл тогтмол солилцох,
  • Аймгийн мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналт, ОБГ, Хилийн цэргийн байгууллага, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа зэрэг холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, мэдээлэл солилцох, шуурхай байдлыг хангах,
  • Байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч, иргэд нь өвчний сэжигтэй болон үхсэн гахайн сэг зэмтэй таарсан тохиолдолд холбогдох байгууллагад яаралтай мэдээлэх,
  • Тэжээвэр болон зэрлэг гахайн сэг зэмд үзлэг хийх, дээж авах зэргээр сэг зэмд хүрсэн тохиолдолд холбогдох дүрэм, зааврын дагуу ариутгалыг хийх,
  • Нутгийн иргэд, малчид, анчдад уг өвчний талаар мэдээлэл, сэрэмжлүүлгийг өгөх, гарын авлагаар хангах, тэднээс зэрлэг гахайн тархац нутаг, сэжигтэй тохиолдол, сэг зэмийн талаар мэдээлэл авч тархалтын зураглал гаргах хэрэгтэйг зөвлөжээ.

Иргэд, худалдаа эрхлэгчид уг аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай байгаа энэ үед  зөвлөмжийг олон нийтэд түгээж дагаж мөрдөхийг анхааруулсан байна.


Африкийн мялзан гэгдэх энэ өвчний талаар дурдахад, Африк тивийн Кени улсад анх 1927 онд бүртгэгдсэн бөгөөд одоогоор Европ, Ази, Африкийн 43 оронд халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Уг өвчнөөр зөвхөн зэрлэг болон гэрийн тэжээвэр гахай өвчилдөг.

Өвчний вирус нь харьцангуй тэсвэртэй, бүтэн сарын хугацаанд хөлдөөсөн цус, тасалгааны хэмд байгаа цусанд халдварлах чадвартайгаар хадгалагддаг. Мөн удаан хугацааны туршид халдварлуулах чадвар бүхий вирус нь гахайн түүхий мах, махан бүтээгдэхүүнд байдаг. 


Одоогоор энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцин, эмчлэх арга зүйг эцэслэн тодорхойлоогүй байна.

Дээрх өвчний шинж тэмдэг доорх байдлаар илэрдэг. Үүнд:

  • Өвчний далд хэлбэр нь 3-15 хоногийн хугацаанд явагддаг. 
  • Хоруу чанар өндөртэй вирусээр халдварласан тохиолдолд зэрлэг болон гэрийн тэжээвэр гахайд өндөр халуурах /41-420С/, тэжээлийн дуршилгүй болох,
  • чихний үзүүр, сүүл, цээж, хэвлий хэсгээр цус шүүрэх зэрэг шинж тэмдэг илэрч богино хугацаанд олноор үхэж хорогддог.

Африкийн гахайн мялзан өвчин нь:

  • Өвчтэй амьтнаас эрүүл гахайд шууд хавьтлын замаар,
  • Өвчтэй гахайг зориудаар нядласан тохиолдолд гахайн мах, цус, шүүрдэс, шүлс, тариур бусад хэрэгслээр эрүүл гахайд,
  • Өвчин гарсан аж ахуй болон гахайтай ажилласан хүний хувцас, машины дугуй болон вирусыг зөөвөрлөж болох бусад гадаргуугаар дамжин,
  • Богино зайд агаар дуслын замаар (битүү байранд) халдварладаг байна. 

Холбоотой мэдээ