Б.Цэнгэл: Улсын хэмжээнд манайх шиг олон аварга малчин төрсөн аймаг байхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-21 17:08:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн албаны дарга Б.Цэнгэлтэй уулзаж, тус салбарын цаг үеийн нөхцөл байдлыг тодрууллаа. Хөдөө аж ахуйн салбарт аваргуудаа тодруулан шагнах их ажил өрнөж байна.

 -    - Манай аймгаас энэ жил улсын аварга малчин олноор төрлөө. Аваргуудыг бүгд удам дагасан малч улс гэж сонссон?

-  - Сумдаас малчид, тариаланч, саальчдаа улсын аваргад тодорхойлсон 20 гаруй материал ирсэн. Үүнд аймгийн ХХААГ-аас боловсруулалт хийгээд 15 хүний материалыг дээш явуулсан юм. ХХААЯ-аас дахин хянаад, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дагуу манай аймгаас 8 улсын аварга малчин, нэг улсын аварга тариаланч, нэг улсын аварга саальчин төрөөд байна.

Улсын хэмжээнд энэ жил манайх шиг олон аварга малчин төрсөн аймаг байхгүй. Аваргууд маань бүгд аймагтаа малаараа тэргүүлсэн, нутаг усандаа нэр хүндтэй, малч удамтай хүмүүс. Бүрд сумын 2 дугаар багийн малчин Цогзолын Мандахбаярын хүүхдүүд нь мянгат малчид, хүргэн нь Улсын хошой аварга малчин Г.Золжаргал юм.

Төгрөг сумын 5 дугаар багийн малчин Дуламын Баяртогтох аймагтаа тэмээгээр тэргүүлдэг бол Гучин-Ус сумын 3 дугаар багийн малчин Ц.Батбаяр энэ жил 3144 толгой мал тоолуулж аймагтаа тэргүүлсэн. Түүний аав Д.Цэрэндондов 1989 онд улсын аварга малчин болж байв.

-  ---Аймгийн аварга малчнаар 70 гаруй хүнийг шалгаруулсан байна. Ямар болзол, журмын хүрээнд шалгаруулав?

-    - Аймгийн аварга малчнаар нийт 92 материал ирснийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн 10 гаруй шалгуур, үзүүлэлтээр дүгнэсэн. Малчдын нийгэмд үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлөлт, малын ашиг шимийг ашигласан байдал, малын тоо толгой гээд олон шалгуур үзүүлэлтээр аварга малчдыг тодруулдаг уламжлалтай.

Энэ жилийн аймгийн аварга малчдын шалгаруулалт онцлог ихтэй байлаа. Нэгт сумдын малын тоог харгалзан квот олгох байдлаар зохицуулалт хийсэн. Жишээ нь: 400 мянгаас дээш толгой мал тоолуулсан сумдаас 5-6 малчинг, 300-400 мянган толгой малтай сумдаас 4 малчинг, 200-300 мянган толгой малтай сумдаас 3 малчинг аймгийн аваргаар шалгаруулсан. Манай аймгийн хувьд бүх сум 200 мянгаас дээш толгой малтай.

Дараа нь үхэр сүргийг онцлон олон жил өсгөн үржүүлж байгаа малчдыг шууд үхэр сүргийнх нь тоогоор “Аймгийн аварга малчин” цол олгосон. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу үхэр сүргийг өсгөж байгаа малчдыг урамшуулж, нийт 9 малчин үхэр сүргийнхээ тоогоор аймгийн аварга болоод байна.

Ингээд нийтдээ “Аймгийн аварга малчин” 80 төрсөн. Үүний дотор “Аймгийн аварга саальчин”, “Аймгийн аварга тэмээчин” тус бүр гурван хүн шалгарлаа.

-     Арвайхээр сумаас “Улсын аварга тариаланч” төрсөн. Арвайхээр тал хээрийн чулуулаг хөрстэй. Газар тариалан хөгжүүлэхэд их хөдөлмөр орох байх. Том амжилт шүү...

-   -Тийм, Улсын аварга тариаланч Г.Загдсүрэн гуайн хүү Угтахбаяр энэ жил Арвайхээр сумаас “Улсын аварга тариаланч”-аар шалгарлаа. Дайргын голд үе удмаараа тариалан эрхэлж буй хүмүүс л дээ. Нэгжээс хураан авах ургац, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг  сайжруулах гээд олон тэргүүний үзүүлэлтээр энэ шагналыг авч байгаа.

-     -Шагналуудыг хэзээнээс гардуулах вэ?

-   -Улсын аваргад уламжлалаараа таван ханатай, улаан халзтай гэр олгоно. Гэрүүдийг сумдад хуваарилаад өгчихсөн. УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, аймгийн удирдлагууд, хэлтэс, албад, сумдын дарга нар улс, аймгийн аваргуудад шагналыг энэ сарын 19-өөс эхлэн хотонд нь гардуулж эхлээд байна.   

-     -Энэ дашрамд таниас нэг зүйлийг тодруулъя. Манай аймаг малынхаа тоогоор улсад жил бүр тэргүүлдэг ч энэ удаа гуравлалаа.  Малын тоо толгой буурсны шалтгаан юу байна вэ?


-  - Манайх улсдаа гурван жил дараалан түрүүлсэн аймаг. Өнгөрсөн жил 5.7 сая толгой мал тоолуулж байсан бол энэ жил 5.4 сая толгой мал тоолуулж, 300 гаруй мянгаар буурсан байна. Үүнийг би мал аж ахуйн салбар хариуцан ажилладаг мэргэжилтний хувьд хэлэхдээ зүй ёсны бууралт байсан гэж хэлнэ. Малын хорогдол бол байгаагүй.

Өнгөрсөн зун хоёр сая орчим хээлтэгчээс 1.2 сая төл авсан. Малчид энэ өвлийг хүйтэн, хатуу болно гэж урьдчилан дүгнэсний үндсэн дээр бог малаа хээлтүүлэгт оруулалгүй өнжөөсөн явдал их бий. Хоёрт малчид борлуулалт их хийсэн. Манай аймагт махны гурван үйлдвэр ажиллаж байна. Махны үнэ харьцангүй өндөр байсан нь малчдыг малаа борлуулахад голлох шалтгаан болсон. Малын бууралтыг судлаад үзэхэд үхэр, ямааны тоо буурсан байна. ХХААЯ-аас мал экспортлоход их анхаарч, Монгол Улс урьд өмнөхөөс хавьгүй их махыг гадагш экспортолсон. Энэ байдлаас шалтгаалж малын тоо толгой буурсан гэж үзэж байна.

Холбоотой мэдээ