Гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлыг ачиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-01-21 17:21:01

 Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлыг  Хот тохижилт, үйлчилгээний газрын хамт олон ачиж, зайлуулж байна. Хог ачих ажил энэ сарын 8-аас эхэлсэн бөгөөд тодорхой хуваарийн дагуу ажиллах аж. Цаашдаа Хот тохижилт, үйлчилгээний газраас хог ачих ажлыг хариуцах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд ямар ч байсан сар шинийн баяраас өмнө гэр хороололд үүссэн хог хаягдлыг ачиж зайлуулах юм байна.

“Манай байгууллагаас хог ачих хуваарь гарган нэг багт дунджаар хоёр хоног ажиллаж байна. Улаангом сумын Нэгдүгээр багт 1-р сарын 15-16-нд, Хоёрдугаар багт 13-14-нд, Дөрөвдүгээр багт 11-12-нд, Тавдугаар багт 7-8-нд, Зургадугаар багт 17-18-нд, Долдугаар багт 19-20-нд очиж ажилласан. Өнөө маргаашдаа ес, 23-24-нд 10, 25-26-нд 11, 27-28-нд 12 дугаар багт тус тус ажиллана. Иймд энэ хуваарийн дагуу иргэд хог хаягдлаа ачихад бэлтгэх хэрэгтэй” хэмээн Хот тохижилт, үйлчилгээний газрын мэргэжилтэн Ө.Бэгзсүрэн хэллээ.

Улаангом хотын гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлыг ачих зайлуулах ажлыг хариуцдаг “Элемент” компанийн хувьд хог ачихгүй байна, хуваарьт хугацаандаа ирэхгүй байна гэх мэт олон шүүмжлэлийг иргэдээс дагуулдаг байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард тус компани гэр хорооллын хог хаягдлыг ачиж зайлуулахад санхүүгийн хувьд алдагдалтай байна, мөн хогийн цэгийн хур хогийг лантвилдэх ажлын төсөв мөнгийг нэмэгдүүлмээр байна гэсэн хүсэлтээ Улаангом сумын удирдлагуудад илэрхийлсэн байна. Гэвч Улаангом сумын ЗДТГ-аас боломжгүй гэсэн хариу өгч тус компанитай хамтран ажиллах гэрээгээ цуцалжээ.

 

Холбоотой мэдээ