Үнэгүйдэх болсон нэхийг боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-22 12:37:30

Дорноговь /МОНЦАМЭ/. Орон нутагт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж бизнес эхлэх боломж, эрэлт хэрэгцээг эрж хайсан залуу хонины нэхий боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа  сэджээ.



Малын дэргэд хөдөө өссөн түүнд нэхий салхинд хийсч, хог болон хэвтэх нь хайран санагдсан гэнэ. Нэг талхны ч үнэ цэнэгүй болсон нэхийг элдэж боловсруулан орны бүтээлэг, өвдгөвч, олбог, хурган малгай үйлдвэрлэж эхэлсэн нь амжилттай болж, “Цагаан сар-2019” үзэсгэлэн худалдааны “Шилдэг шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” өргөмжлөлийг хүртэж мөнгөн шагналаар шагнуулав.

Айлын бууц, хогийн цэг дээр хэвтэж түүхий эдийн ченж тоож ч авдаггүй нэхийг бүтээгдэхүүн болгосон залуу бол “Торгон нэхий” ХХК-ийг үүсгэн байгуулсан Н.Бат-Эрдэнэ. Тэрээр компаниа 2017 оны намар байгуулж найман хүнийг ажлын байраар хангажээ. Байгаль орчны мэргэжилтэй, төрийн байгууллагад багийн даргын ажил хийж явсан тэрээр ажлаасаа гарч Солонгост хэсэг хугацаанд ажиллаж байгаад нутагтаа ирсэн юм. 



Банкнаас бизнесийн жижиг хэмжээний зээл авч, Хятадаас тоног төхөөрөмжөө оруулан үйлдвэрлэлээ явуулж байна. Түүний  бизнесийг орон нутгаас ч чамгүй дэмжиж зээл олгосон байна. Малын арьс, үс ноос монгол хүнд  зохицсон, өмсөхөд тохиромжтой, дулаахан гэдгийг малын захад өссөн тэр гадарладаг аж.

Орны нэхий бүтээлэг том жижгээс хамаарч ойролцоогоор 130 орчим мянга, нэхий өвдгөвч 20 мянга, нэхий олбог 50 мянган төгрөгөөр худалдаалдаг бөгөөд бүтээгдэхүүн нь малчдын эрэлт хэрэгцээнд ихээхэн нийцэж байгаа ажээ. Мөн нэхий үйлдвэрлэл эрхлэхийн хажуугаар оёдлын цех ашиглалтад оруулаад байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцож дууссан даруйдаа л тэрээр сумдад зохиогдох малчдын өдөрлөгийн мэдээлэл хэн нэгнээс авч нэхий бүтээгдэхүүнээ авч замд гарах бэлтгэлээ базааж эхлэв. Бизнест цаг алт гэдэг. Тэр ч цагтай уралдан давхиж одов.



Дорноговьд тэдний компаниас өөр нэхийгээр үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байхгүй төдийгүй зүүн бүсийн аймгуудад ч ийм төрлийн үйлдвэр байхгүй аж. Зах зээл эрэлт хэрэгцээг зөв тодорхойлж бизнес эхэлж чадвал боломж байдаг гэдгийг Бат-Эрдэнэ харуулжээ. Тэдний компани зүүн бүсийн аймгуудыг нэхий эдлэлээр хангах зорилт тавин ажиллаж байна.

Гэлээ ч үйлдвэрлэлээ өргөтгөх, тоног төхөөрөмжөө шинэчлэх, дахин санхүүжилт босгох, ажлын байрыг нэмэгдүүлэх гээд өргөн хүрээнд далайцтай ажиллах шаардлага байгааг тэрээр онцолж байсан юм.




Ажилсаг бас хөдөлмөрч говь нутгийн нэгэн залуу бизнесээ өргөтгөхөөр өөдрөг бодол сэтгэл тээж, урагш тэмүүлж явна.

Холбоотой мэдээ