Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хоёрдогч агаарын тээвэрлэгч оруулахаа БНСУ-ын тал мэдэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-22 19:03:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэний агаарын тээврийн салбарт Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нислэгийн давтамжийг нэмэгдүүлж буй талаар саяхан мэдээлсэн. Үүнээс гадна дээрх чиглэлд хоёрдогч агаарын тээвэрлэгчийг оруулж ирэхээ БНСУ-ын талаас мэдэгдээд байна.

Энэ талаар ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Д.Мягмарсүрэн мэдээлэхдээ, “БНСУ- руу зорчих монгол иргэд эрс олширч байгаатай холбоотойгоор, Сөүлийн чиглэлийн давтамжийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Иймээс БНСУ-ын Сөүл хотноо хийсэн хоёр талын уулзалт, хэлэлцээний дүнд агаарын харилцаан дахь хамтын ажиллагаа улам тэлэх нөхцөл бүрдээд байна. Хэлэлцээрийн хүрээнд шийдсэн нэг зүйл бол, БНСУ-ын талаас Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хоёрдогч агаарын тээвэрлэгчийг оруулахаа мэдэгдсэн явдал юм. БНСУ-ын талаас хоёрдогч агаарын тээвэрлэгч орж ирснээр нийлүүлэлт нэмэгдэж, зах зээлд гаргах нэгж суудалд оногдох зардлыг бууруулах бөгөөд зах зээлийн зарчмаар өрсөлдөөн бий болон үнэ тариф тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байна” гэв.

Улаанбаатар-Сөүл чиглэлээс гадна Бусаны чиглэлийн давтамжийг нэмэгдүүлэх үүднээс энэ чиглэлийн нислэгийг долоо хоногт 2 удаагийн давтамжтай, 162 хүртэл суудалтай “”Боинг-737, Эйрбас-А320, А321 агаарын хөлгөөр үйлддэг байсныг хоёр талаас тус бүр нэг давтамжаар нэмэгдүүлж, 195 хүртэл суудалтай агаарын хөлгөөр үйлдэхээр харилцан тохиролцоод байна. Ингэснээр, энэ чиглэлд нислэгийн суудал хоёр талаас жилдээ 10 мянгаар нэмэгдэх аж. Түүнчлэн хоёр улсын гадаад худалдаа, экспортын бараа бүтээгдэхүүн, тэдгээрийн нэр төрлийг нэмэгдүүлж хөгжүүлэх зорилгоор, энэ оны 7-р сараас Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагаа эхлэхэд Улаанбаатар-Сөүл чиглэлд дан ачаа тээврийн нислэгийг үйлдэж байхаар харилцан тохироод байна.

Холбоотой мэдээ