Баянгол дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэг хэвийн горимд ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-24 10:33:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын “Томуу, томуу төст өвчний бэлэн байдал, эмнэлгийн тусламжийн байдалд дэмжлэгт хяналт хийх” удирдамжийн дагуу ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Хүүхдийн нэгдсэн эмнэлэг болон “Ахмад настан, хүүхдийн II эмнэлэг”-т ажиллалаа.


Тус дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэг нь нийт 200 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар 133 хүүхэд хэвтэж байна. Томуу, томуу төст өвчин тархсан ид оргил ачаалалтай үед буюу энэ сарын эхээр тус эмнэлэгт 320 хүүхэд хэвтсэн тохиолдол бий. Тэгвэл өдгөө ачаалал харьцангуй буурч, эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэнээр эмнэлэгт хэвтсэн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ илүү чанаржжээ.

Хүүхдийн нэгдсэн эмнэлэг болон “Ахмад настан, хүүхдийн II эмнэлэг”-ийн өрөө тус бүрт ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг ажиллуулж, хүчилтөрөгч өтгөрүүлэгч болон шаардлагатай зарим тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэж, зохион байгуулалтын олон ажлыг хийжээ. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар баталсан төрийн албан хаагчдын цалинг 0.8 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийн хүрээнд эмч, сувилагч нарын цалин тодорхой хувиар нэмэгдэж, тус дүүргийн эрүүл мэндийн төв болон Хүүхдийн нэгдсэн эмнэлэг, "Ахмад настан, хүүхдийн II эмнэлэг"-т ажиллах хүсэлтээ илэрхийлсэн 100 гаруй сувилагчаас 80 гаруй нь ажлын байртай болжээ.

Холбоотой мэдээ